2013/12/10

ХАТАН ӨЖИЙДӨӨ гомдоллов

ХАТАН ӨЖИЙДӨӨ гомдоллов

            Өнөөдөр \11/XII/2013\ би Хатан өжийдөө өгүүлэв. “Өжий минь дээ, сүүлийн үед би дандаа л буруу,болохгүй, муу муухайг бичлээ. Нэг л таагүй, хүн амьтан ч юу гэж байгаа бол, зариманд нь тун таагүй байх шиг байна” гэтэл Хатан өжий: “Заа, одоо үр минь САЙХАН-ы тухай бичнэ дээ, уг нь хамгийн урд эхийн тухай бич гэсэн юмсан” гэснээ “Хэн юу гэхийг анзаарах хэрэг үгүй. Өөрөө өөрийнхөө мууг олж харсан хүмүүст таагүй байж ч мэднэ, алдаагаа өмөөрөх нь үү, алдаагаа засах нь уу, энд л том ГОЛ утга учир яваа даа.  Алдаагаа өмөөрсөн хүн ямагт урууддаг юм, алдаагаа засаж давж гарсан нь ялалт өөд хөнгөхөн авирдаг юм” гэв.
            Хэсэг сууснаа “Заа, та бүхний алхам бүрт хэлж зөвлөж байхгүй бол  их л дорой сэтгэхүйтэй байна. Цөвүүн цагийн барааныг гэтлэн гарч, сайн сайхныг цогцлоох гэж зорьж тэмүүлж байгаа бол, хүсэл зоригдол чинь чин үнэн тийм бол та нар зүгээр сууж байгаад гэгээрэлд хүрнэ гэж бодно уу.
            Бугшмалын, муу юм бүхний тэн хагасаас илүүтэйг нь ЗАСАЖ, АРИЛГАЖ байж цааш нь хөнгөхөн хөдөлнө дөө. Энэ чинь ИХ ЗАСАГ, ихийг засна гэж ойлгох учиртай юм. Зассанаа заншил болгон заншина гэсэн үг дээ. Тийм зантай болно гэсэн ойлголт.  Жаяг тогтож байгаа нь энэ дээ.  Үүний тулд их МЭДЛЭГ, ЭРДЭМ хэрэгтэй биз? Бэлэн байгаа мэдлэг, эрДЭМийн төлөө яасан удаан мацдаг үрс вэ?

2013/12/09

ИТГЭХГҮЙ, би

ИТГЭХГҮЙ, би
            Хатан Өжий маань дахиад л нэг даалгавар өгсөн нь “Итгэлийн тухай бич” гэв ээ. Бодсон чинь бас л бугшмалтай холбоотой юм байна. Шадалсан нь дээр санагдлаа. Та нар минь мөр нэмээрэй.

Уг нь би итгэмээр байна
Урам төгс итгэмээр байна
Ухаан зарахгүйгээр итгэмээр байна
Уяран хайлан итгэмээр байна

Итгэл гэж сайн сайхныг хөтлөгч
Итгэл гэж ашдын дээдийг гийгүүлэгч
Итгэл гэж аз жаргалыг бэлэглэгч
Итгэл гэж ам артай байхыг голлогч

Итгэл, хүсэхгүй бол төрөхгүй
Итгэл, найдваргүй бол бий болохгүй
Итгэл, худалд дарагдвал үгүйрнэ
Итгэл, үнэнээс төөрвөл алдарна

Бодовч, Би итгэж чадахгүй нь:

Байгаагаар нь орхих гэхлээр
Байдгийг барж устгаж цөлмөх нь
Барагтайг бузарлаж эвдэж гүйцэх нь
Байсныг үгүйсгэж мөхөөж оршуулах нь
Бараан цагааныг хольж барс мангаст идүүлж дуусах нь

Би итгэж чадахгүй нь:
Буруу бүхнээр зөвийг дийлэгчдэд итгэхгүй
Бух зангаар эвийг эвдэгчдэд итгэхгүй
Булай болгоныг өөгшүүлэн дэмжигчдэд итгэхгүй
Бусдын хүчийг сорон мөлжигчдэд итгэхгүй

Худал яригч-жүжиглэгчдэд итгэхгүй би
Хууран мэхлэгч-алиалагчдад итгэхгүй би
Хулгай хийгч-завшигчдад итгэхгүй би
Хоосон амлагч-залилагчдад итгэхгүй би

Хувиа бодон довоо шарлуулагчдад итгэл олдохгүй
Ховхлон устгаж хөрстийг цөлмөгчдөд итгэл олдохгүй
Хов хутган хэл амаа уралцагчдад итгэх хэрэггүй
Хор найруулан төрийн дээр суугчдад итгэх хэрэггүй

Хулгайч-тонуулчин онгод болсон гэхэд итгэхгүй
Хулхидагч-ховсчин их бөө болсон гэхэд итгэхгүй
Хан Тэнгэрийн үйлийг хараалч гүйцүүлдүүлдэг гэдэгт итгэхгүй
Хэн хүнгүй уг барьж хэнгэрэг дэлддэг гэдэгт итгэхгүй

Ярдаг ааштай, ямаан омогтой, ядруу мэдлэгтэнд би итгэхгүй ээ
Янхан үйлтэй, яран сэтгэлтэй, явдал муутанд би итгэхгүй ээ
Муйхар бодолтой, мохоо иртэй, молиго үмхүүлэгчид би итгэхгүй ээ
Мулгуй оюунтай, мухар сүсэгтэй, мунхаг даран гайчид би итгэхгүй ээ

Мөнгө эдэнд шунагч мөлгөр толгойт буханцруудад итгэхгүй
Мөс чанаргүй мөргөл шашинаар хуурагч аалзтануудад итгэхгүй
Инээж байгаад араас чинь хорлогч хар цоохор шар үнэгтнүүдэд итгэхгүй
Ижил рүүгээ тэмүүлэгч, эсрэгтээ гологдсон алиа салбадай сармагчнуудад итгэхгүй ээ

Эрх мэдэлд ухаанаа барьсан, бохир боулиГай хувалзтануудад итгэхгүй
Эмс эрсийн хүрээлэнд эрчим энергээ өтүүлсэн банзал бөөстнүүдэд итгэхгүй
Эрээн хужаагийн шээс баасанд шимэгдэж өмхийрсөн  шалзтануудад итгэхгүй
Элээ хэрээний хэрүүлт, эмх цэгцгүй хэлт, эх баригч-хувалзтануудад итгэхгүй

Улс, газар шороогоо дээрэмдэгч байж ухаантан-баянтанд тооцогчдод итгэмгүй  
Уншаад ойлгохгүй, учрыг мэдрэхгүй байж өөрийгөө дээдлэн шүтэгчдэд итгэмгүй
Унхиагүй дорой, урвагч хөрвөгч байж удирдагч болохоор зүтгэгчдэд итгэмгүй
Улаан хэрүүлч, ур ир аргүй хартан байж өрөвдөлт нэгэн болж хувирагчдад итгэмгүй

Сэг зэмд идэгдсэн, сэрэхүй нь хаалттай эрд итгэх үү
Согтуурал мансууралд хорлогдсон, тархи нь эвдэрхий эрд итгэх үү
Сохорч цөхөрч доройтсон,  тамир нь барагдсан эрд итгэх үү
Сүйтгэл гэмд өслөгдсөн, ухаан нь хуниатай эрд итгэх үү

Сархад архинд дурласан шуламт төрхтэй эмд итгэлтэй биш
Садар завхайд тодорсон самуун үйлтэй хүүхэнд итгэлтэй биш
Унтаж идэхээс өөрцгүй өмхий залхуу авгайд итгэлтэй биш
Уурлаж хашгичих, уцаарлаж хараахаас өөр үйлгүй урагшгүй эмд итгэлтэй биш

Тамлаж доройтуулж, үхүүлж буй засгийн гишүүдэд итгэж боломгүй
Тарааж бутаргаж, бөлөглөж буй төрийн түшээдэд итгэж боломгүй
Өлсөөж цангааж, турааж буй хөгжлийн удирдагчдад итгэж боломгүй
Өслөж үжрээж, устгаж буй дээдлэн шүтэгч-харийнханд итгэж бүүр боломгүй

Алдаагаа өмөөрөгч арчаагүй нэгэнд би итгэхгүй
Аргат билгийг хоослогч араатан сэрэхүйтэнд би итгэхгүй
Алдарт Алтан судрыг ад үзэгч тэнэгтэнд би итгэхгүй
Алтан Дээд Үнэнг хуурмагаар шүтэгч ааштанд би итгэхгүй


Гэхдээ:
Урам зоригтой, ур дүйтэй, удамшилт зохистой, ухаант эрчүүддээ итгэнэ ээ би
Уяхан сэтгэлтэй, ухамсар өндөр, уламжлалаа тээгч ухаанлаг бүсгүйчүүддээ итгэнэ ээ би
Буган соёлт, бум буман настай өвөг дээдсүүдийнхээ буурал түүхэнд итгэнэ ээ би
БӨӨ ИЭ ЭКЭ-т\богд\ эзэн Чингис Хаанынхаа Алтан Дээд ГЭР ИЭ-нд итгэнэ би


ГийгЭЛ удган                     2013-12-09 20:18:19

СОНИН ХАЙР ДУРЛАЛтай УЧРАВ


СОНИН ХАЙР ДУРЛАЛтай  УЧРАВ

            Өчигдөр орой \08/XII/2013\  Ундрахуйн блог дээрээ бичсэн зүүд-үүдийг уншчихаад унтсан чинь шөнө сонин зүүд зүүдэллээ. Шөнө 4 цагт сэрчихэв, зүүд маш тод байсан учраас сайн тогтоож авсан л даа, хөгширсөн хойноо бас хайр дурлалцдаг юм байна, күээ, яахав дээ, ядаж зүүдэндээ ч гэсэн, хахаха.
            Их сайхан өндөр залуу байна, би өөрөө ч бас гайгүй бие хаатай бололтой, хөтлөлцөөд явж байна аа. Залууг нь бодоод байсан чинь Ташкентэд нэг ангид сурч байсан Ариунболд байх юм. \Их залуудаа өөд болсон л доо, хөөрхий, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажиллаж байгаад л гэнэт Герман гарчихсан, тэнд ажиллаж байсан, нацистуудад алуулчихсан юм. Бараг 1,90 м өндөртэй байсан байх, манай их нэртэй дуучин, балетчин 2-ын хүүхэд л дээ.\  За тэгээд Монголын залуучуудын холбооны байрны ар талаар алхаад нэг хаалгаар орох юм. Нэг өрөө рүү орсон чинь баахан вьетнам оюутнууд сууж байна. Нэг л тийм цэвэрхэн биш, онгирсон тийм өрөө. Миний хайрт залуу маань өрөөний голд байрлах нэг орон дээр очоод суучих юм. Би “чи энд амьдардаг юм уу” гээд асуутал “тийм ээ, манайх нэг өрөө байранд амьдардаг л даа. Тэгээд л би энд байгаа юм” гэв. Удалгүй бид 2 тэндээсээ гараад гудамжаар хөтлөлцөөд явж байна. Нэг мухлаг \түц бололтой\-ны цонхоор хараад залуу маань “ямар чихэр авахын” гээд л би эрхлээд өөрийн дуртай нэг чихэр авахуулаад л их жаргалтай алхалж байна аа. Тэгээд цаашаа явж байгаад л бас нэг байранд орох юм. Тэгсэн тэр өрөөнд бас оюутнууд, манай Ташкентын Полтехникийн дээд сургуульд сурч байсан хүүхдүүд байна. Бид 2 мэндлээд л миний хайрт нэг сандал дээр суучих юм. Намайг дуудсан уу яасан, би очоод л өвөр дээр нь суугаад л их тааламжтай байна аа. Тэгээд л сэрчихсэн. Хэхэхэ. Юу гэсэн тайлалтай юм бол? Та нар юу гэж бодож байна? 

Зүүдийг бичихэд их амархан юм байна ш даа, бэлэн юм болохоор шууд биччихдэг. 

2013/12/04

БУГШМАЛ, дамшиглав

БУГШМАЛ, дамшиглав

            Амар амгалан байцгаана уу? Өргөөнийхөн минь.
            Өнөөдрийн \4/XII\ бөөлөөний үеэр Хатан өжий маань надаар жаал дамшиглав. “Заа, үр минь бугшмалынхаа шалтгааныг бичээд дүүргэчихэв үү? Зүгээр хоосон суугаад байх чинь” гэв. “Өө, их олон юм байна даа, талдаа ч ороогүй байна, хоёр өдөр суулаа” гэтэл, “хм, үр минь дээ ээ,  наад бөндгөрийг чинь шалгасан юм, 550 ширхэг шалтгаан гэхлээр таван зуун тавь байна гээд бодно уу чи?, төөрч мунгинаад, та нарын тархи тасам болсон гэдэг чинь энэ дээ, хахаха, “550” чинь түлхүүр үг, үр минь,.. ядаж гаднаас нь тэмтэрч чадамгүй байна уу? тархиа хөдөлгөхөд яанам ” гэв.  Би ч “таван зуу, тавь”, “таван хэсгээр ангилж, тавин зүйлийг голлож бичих юм болов уу? би ч басхүү зуу гаргачихсан жирийлгэж байгаа” гэж бодлоо,   “тав зуу+х, тавь+х” гэж, “зууж байгаад тавих” гэж бодов, ард нь 0- тэглэх юм байна гэж бодов. Хатан өжий: “дотор нь өнгийгөөд хар, өнгө, үнэр байна уу?” гэв. Дандаа битүүлэг үгсээр ярина шүү гээд бодтол тоншоод авав, ёоё.  Яалтай билээ дээ, толгойд минь олигтой шипи орж ирэхгүй байгаа юм чинь... Ямартай ч “бугшмалтайгаа” холбож  жаал бодов, яршиг зүгээр бичснээ дэлгээд тавьчихъя, дараа нь учир холбогдол нь гарч ирж л таараа гээд бугшмалын шалтгааныг нийтлэхээр боллоо.   
            Хатан өжий минь хамгийн чухал зүйлийн судаснаас нь атгуулсанд талархаад, бахархаад сууж байна даа би, Өндөр Дээд Өжий Тандаа дахин дахин гялайлаа.
            Өргөөний Та нар минь тогтож уншаарай, давхардсан зүйлийг дугаараар нь бичээд ижил байна гэж, эсвэл ингэж гоё засаж бичье гэх зэргээр сайхан шүүгээд, нэмэхийг нь нэмээд сэтгэгдлээ бичээрэй. Энэ бол цөвүүн цагийг гэтлэн давахын өмнөх бид бүгдийн мэдвэл зохих, түгээж сэхээрүүлэх, арилгаж засах,  энэ нийГэмд тогтсон ГЭМТ зуршил, ГЭМТ дэг горим гэж ойлгогдож байгаа.   Идэвхтэй оролцохыг хүсч уриалж байна. Андуудын хүч-ухаан бол аугаа том ДЭМ.

2013/11/30

ГЭСЭР бол БӨӨ, бугшмал

ГЭСЭР бол БӨӨ,    бугшмал

            Бас л тун сонирхолтой, хайхамшигтай юм боллоо.
            108 бөөлөөний 5 дахь өдөр буюу миний 14 дөх бөөлөөний үеэр Хатан өжий надад хоёр үүрэг өгсний нэг нь “ГЭСЭР” туульсыг унших байлаа. \Би гадагшаа явдаг ажилтай болохоор Дээдсийн зөвшөөрлөөр бөөлөөгөө шахуу хийж байгаа\. Өнөөдөр 72 дахь бөөлөөгөө хийлээ.  Өчигдөр хүртэл дээрх үүргээ бараг мартчихсан гэсэн үг, тэр үедээ ийм үүрэг өглөө гээд бусадтайгаа чаталж байснаас түүнийгээ яваандаа хийнэ гээд арагш нь тавьсан залхуу хүн би. Баахан хуучин ном худалдаж авахад аль нэгэн дээр нь Гэсэр тууж байсан боловч эрээд олоогүй. Сондор удган энэ тууж байгаа шүү гэхэд заа гээд л өнгөрсөн юм.
            Юу болсон юм бүү мэд, гэнэт өчигдөр \29/XI\ үдээс хойш интернетээс хайгаад Гэсэрийг олон хувилбараар нь олж хамгийн хүнд хэллэгтэйг нь оройжин уншлаа. Эхлээд ч үйл явдлуудыг нь бодоод яваад байлаа, ядаж  PDF File (.pdf)-аар бичсэн нь үг үсгийн бөөн алдаа. Үлгэр, гэхдээ ойрхон, бүх юм нь дэндүү ойрхон санагдаад, орондоо орохдоо баахан бодож байгаад унтаад өгөв. Гүйцэт уншиж дүүргээгүй л дээ.

            Тэгээд юу болсон гэж санана???  Учиргүй юм гэж байдаггүй гэдэг үнэхээр ҮНЭН. ГЭСЭР туульс бол БӨӨгийн тухай, бөөгийн шинжлэх ухаан тэр чигээрээ. Ёстой сюрприз- surprise гэдэг чинь энэ биз дээ. Хатан өжийн даалгавар ч үнэндээ биширмээр зүйл байж.

2013/11/27

МӨНГӨ

МӨНГӨ

            Онгодууд үүрээр 5 цагийн үед сэрээж, үүрэг өгдгийг сүүлийн үед мэдрээд чагнадаг болчихож. Энэ өглөө\27/XI\ бас л бич бич бич гэв.  Юу билээ гэж бодтол “мөнгө”-ийг бич гэх шиг, өө за за, мэддэг сайхан сэдэв гэтэл тоншоод авав. Өмнөхөө дүүргээгүй байхад дахиад л нэмээд гэж бодонгуут “өр төлөөсөө дуусгах ёстой юм биш үү” гэв. Өр ширгүй шдээ? гэтэл “ноён байхдаа номхон ардуудаас хураагаа биз дээ чи” гэв. Би юу даа? Өө яанаа, ямар булай юм бэ, урд насны л юм байх нь гэж сэтгээд, тэгээд тэрийг нь би төлөх юм байх даа гэтэл “өөр хэн байхав үр минь, газар нутгаа авч үлдэхийн тулд тэр үеийн ноёдууд арга мэх хэрэглэн есөн цагааныг бэлтгэж  Манжийн хаанд өргөл барьцанд өргөж хоёр зууныг дамнасан, хамгийн хүнд үе байсан байх шүү. Хэмжээлшгүй хүнд ачаа даваа байсан юм” гэв. Тэгээд тэр нь өр төлөөс болоод байдаг, ардуудыг л зовоож дээ гэж бодов. Тэр хүнийг “Цахилаат баян” гэдэг байсан юм уу? гэтэл “тэр бас л чиний нэг хувилбар, харин ч арвин үйлтэй, аваа өгөөтэй, арга чадалтай нэгэн байсан юм” гэв. Ашгүй дээ, нэгнийх нь учрыг мэдчихлээ гээд давраад “нөгөө Австри унгарын хатан гээд байгаа нь хэн билээ” гэчихэв. “За одоо болно, чиний тархи амрыг л сэтгэнэ шүү. Танайхны хэллэгээр бол 19-р зууны их ойрхны түүх учраас үр чи өөрөө хайгаад уншихад төвөггүй ээ, ямар бидний үеийнхийг сэргээх гэж байгаа биш” гэлээ. Мөн бололтой, хагалгааны дараа ухаан орохын өмнөхөн би үүлэн дээрх тансаг ордноор алхлаад байснаа дурсаад, лавлаад авсан минь энэ. Заа за, ёстой нэг, шар хаданд очихоор л юм болоод байх шиг. Хүмүүс уншихдаа Гээгэл ч өнгөрчээ, солиороод гэх байх даа. Ямартай ч,  өмнөх гурван төрлөө хагас хугас ч гэсэн тодлоод авчихлаа. Даалгавраа биелүүлж  л явна.
                Өр төлөөс нь “бичих юм” бол бас гайгүй, “мал малла” гэсэн бол яанаа, шөнөөр чоно, ирвэс байтугай чөөгий мөөгий, янз бүрийн чимээнээс айгаад гарч чадахгүй, тавьсан боохойноосоо цочиж зугатаагаад л... хэхэхэ

2013/11/25

БУГШМАЛ, өмөөрөв

БУГШМАЛ, ӨМӨӨРӨВ

            Өнөөдөр үүрээр 5 цаг өнгөрч байхад сэрчихэв. Нэг сонин зүүд зүүдэлснээ тод саналаа. Төгсгөл нь хаа очиж сайнтай. Харин түүний өмнөх шөнө Соно зайран, Гэгээнээ хоёрыг дулаанаар зүүдэлсэн нь тод байснаас урьдахь зүүдүүд нэг л бүүр түүрхэн, тэгсхийгээд мартагдчихаад  байв. Халдун хайрханаас авсан цагаан чулуугаа дэрлэж хоноод бас 20 гариг өнгөрөв, учиртай бололтой оо.
            Энэ өдрийн бөөлөөний үеэр Хатан өжийгөөс \Өндөр Дээд Хатан, Дээдэс гэхлээр “үр чи, зүгээр л хатан өжий гэж бай гэсэн юм\ асуулаа.  “Бичих зүйлээ хэрхэн хүртээлтэй, аятайхан бичих вэ?” гэхэд Хатан өжий маань: “Үр чамайг,
Албаны ухаанд сургах гэж хичнээн хаврыг үдлээ дээ
Арван түгээмлээс эхсүүлээд ашдын Их Засгийг бичүүлэх гэж хөтөлсөн юм
Албаныхаараа мутарласан ч огт муу  үгүй
Амарчилж мутарласан ч өчүүхэн гэн үгүй дээ

Сурснаараа сургамжтай бич, сурах болно үрс
Ойлгосноороо оночтой бич, ойлгох болно үрс
Мэдэрснээрээ цэгц бич, мэдлэг болно үрсэд
Үзснээрээ үлгэрлэж бич,  үйл болог үрсэд

Тогтож уншсанд нь гэрэл гийнэ
Тоомсоргүй уншсан нь гэмтэйгээ үлдэмз
Гүйцэт уншсанд нь сэхээрэл болно
Гүйлгэж уншсан нь гэнэндээ үлдэмз” гэв.  

2013/11/22

ЗЭМЛҮҮЛЭВ би

ЗЭМЛҮҮЛЭВ би
           
            Өнөөдрийн /2013-11-22/ бөөлөөнөөр Хатан өжий бууж хэлэх сургаалаа хатуухан айлдлаа. Миний бичсэн “Буруу, муу, болохгүй” –д сэтгэл дундуур байв.  
            “Үр минь чи, өчүүхэн зүйлийг өдөр алгуурлан бичихдээ ингээд л боллоо гэж сэтгэл баясна уу. Өм цөм энд тэндээс нь бичлээ дэг. Ядаж чи дүгнээд хэдэн үгийг эцэст нь нэмж чадсангүй юу” гэв.
            Би мунхаг тархиа өмөөрч “Өө, Хатан өжий минь, ихээр нь бичвэл урт байна гээд олон хүн уншихгүй ээ, овоохон юм биччихвэл зарим нь “гайхууллаа гэнэ, мэдэмхийрлээ гэнэ, их толгойллоо гэнэ, хэцүү шүү дээ, одоо үед, хүмүүсийн хэл амнаас айдаг юм” гээд хэлчихсэн чинь бөөн юм болов оо.

2013/11/20

БУРУУ, МУУ, БОЛОХГҮЙ


            Миний хувьд 108 бөөлөөг бусдаас нууцлах шалтгаан олсонгүй. Харин ч гэгээрлээс гэгээрэл рүү зүтгэж, зорьж буй бидний гэгээтэй үйлсийн чухал нэгэн үйл нь гэж бодов. Бусад /бөө/ нь ч бас үлгэр дууриалал болгоод өөрсдийгөө засаж, өвгөд буурлуудынхаа СУУ Ухаанаас бага, их болов сурч авбал нийт зон олонд тустай, ашигтай, дэмтэйсэн.
            Сорхагтан бэхи Хатны Алтан Шар Сударт: “...Буруу бүгдээр зөвийг дийлүүлдэг хүн хорлол  төрийн тураал...” гэсэн бий. Ухаант буурал дээдсүүд энэ аугаа судартаа  өнөөгийн нийГЭМийг урьдчилан тааж бус, зөгнөж бус, зөн мэдрэмж, ул мөр, ухаан ур дүй, алдаа ололтоосоо ухан мэдэж дурайтал хэлсэн байдаг. Цөвүүн цаг ирчихсэн, чимээгүй хар, нялуун дайнд нэрвэгдэж байгаа нь ч үнэн болсон үе. Зөв, бурууг ялгахаа байсан цаг.
           
            Улаач миний найм дахь бөөлөөний үеэр Дээд Хатан Өжий: “...Бурууг, мууг, болохгүйг мэдэж ухаагүй цагт, үүнийг зөв-сайн-болох-оос ялгаж ойлгож сураагүй үед цөвүүн цагийн нийГЭМд зөвөөр сэтгэж, зөвөөр сэхээрч, зөв гэгээрнэ гэдэг нь цаг хугацаа, хүч шаардсан, хүндхэн үйл болно доо. Та нарын ариун үйлийг ч тэнэг бүдүүлэг, мухар сүсэг бишрэл, гажиг хүмүүсийн жүжиглэл гээд байгаа биш үү??? Зөв нь аль юм? Буруу нь юу юм? Бум түмэн ардад хэрхэн ойлгуулах юм?

2013/10/23

БӨӨГ ЮУНД ҮЗЭН ЯДНА ВЭ???

Гадныхны хийсэн гавьяатай үйлс ч бай, гайтай үг ч бай, гамшиг болох онол ч бай, гул болох андлал ч бай бүгдийг нь гайхан магтаж даган дурайх нь манайхны гэм биш, зан болоод удаж.
Харийнхны хэлээр хальт ярихаар эрдэмтэйд тооцож
Харийнхны дүрмээр хугас онолдохоор ухаантайд үнэлж
Харийнхны үнэтэй нэрийг хямс эдлэхээр баянд өргөмжилж
Харийнхны урвуу залийг ухаж ойлгохгүйг нь даргад тавьж...  хөгжсөөр олон жилийг ардаа орхиж.

Одоогоор бол 510 настай, Мишель Де Нострадамус\1503-1566 он\, 102 настай Ванга (Вангалия Пандева) \1911-1996 он\ ... зэрэг алдартныг гайхамшигтай зөнтэй, гаргуун далдыг хардаг, ухаант мэргэдүүд гээд л тэдний хэлснийг орчуулахыг нь орчуулаад, судлахыг нь судлаад байгаа биш бил үү.
Будда буюу Сиддарта Гаутама\МЭӨ 563-483 он\,  Есүс Христ\МЭӨ 6- МЭ 29 он\,  Мухаммед\МЭ 570-632он\, Чин хай\1950он\, Шри Шри Рави Шанкар\1956 он\ ... гэхлээр хүн амынх 90 хувь нь байдгаа барьж, хуйларч гүйгээд байдаг бус уу. Мөн л далдыг хардаг, далдыг сонсдог, далд ертөнцтэй харьцдаг, гэгээрсэн, гэрэлтсэн хүмүүс гэж шүтээд байгаа биз дээ. Буруушаахгүй ээ.
Тэдний сургаалийг ягштал биелүүлээд, оюун ухаанаа зөв залаад явж буйг нь хэрхэн шүүх билээ. Амьдрал ахуй нь дээшлээд, амгалан төвшиндөө амьдарч байгаа бол бүүр бахархахаас өөр яалтай билээ, гэтэл тиймгүй  байгаа биз дээ, сайн сайхан болоод аз жаргалтай байгаа нь хэд билээ??? Олонх нь урд хормойгоороо ардахаа нөхсөн, зээлэнд баригдаж зэлэнд уягдсан, өрөнд үжирч өлмөн цөлмөн болсон,  сэтгэл нь үймэрч сэрэхүй нь хаагдсан,  хоосон бясалгаж  хорголоо тоолж амьдардаг түмэн ардын Улсыг зөв хөгжиж байна гэж хэн үнэлсэн юм???
 Дээр дурьдагдсан эрхэм хүмүүс яах аргагүй энэ дэлхийн алдартнууд мөнөөс мөн, гэхдээ тэд МОНГОЛ яс, цус, махгүй ээ.., учиргүй юм энэ хорвоод нэгээхэн ч үгүй, таарах таарахгүй, нийцэх нийцэхгүй, тохирох тохирохгүй  юм ч  байна, тэд ч энэ талаар өөрсдөө сургасан буй.

Үндсэрхэх гэсэндээ бус, Өвгөд, эмгэдийнхээ аугаа ухааныг биширч шүтсэндээ, монголын үе үеийн соёл, заншил, түүх үнэхээр хайхамшигтайг хэдэн үгээр тэрлэх гэсэн минь энэ ээ.

Тэгвэл БӨӨ гэж хэн бэ гэж???

2013/10/10

              МӨР
Өтүгэ цагаас жигүүр ургасан
Өвгөдийн улласан цагаан МӨР
Өрх бүлийг бөхөлж бэгнэсэн
Өндөр ээжүүдийн гэгээн МӨР
            Алтайн мангадайг Огоуул бие болгосон
            Акау дэмчдийн ариун МӨР
            Ахуйт төрийг Акок Моногоуул болгосон
            Амин эхт алдарт МӨР

2013/10/02

ОРОЛЦОО+ ЧАНСАА =УКАУ ЭН/ухаан/


Хэл амтайдаа биш
Хэлэмгий доломгойдоо биш
Хэнхэрцэг юуг минь дэлсэж байна
Хэлэх үгийг минь хурцалж байна, буурлууд...
        Унтах нойрыг минь хугасалж байна тэд
        Ухаан санааг минь уудалж байна тэд
        Уруу дорой явааг минь гайхаж байна тэд
        Урагш дээш явахыг сануулж байна тэд
Бөө болоогүй байна гэнэ
Бөх болох ёстой гэнэ
Бэхлэгдэх болоогүй байна гэнэ
Бүрэн заяат байх ёстой гэнэ
        Моногоуулаа алдсан байна гэнэ
        Мунхарч хөглөрч байна гэнэ
        Мууг түшэж байна гэнэ
        Мулгууг биширч байна гэнэ

2013/09/27

ОРОЛЦОО



ОРОЛЦОО

            Бид юуны тулд, яах гэж Дээдэс-Аянгат Удганы дор нэгдэн жагсаад 2 жил гаруйн хугацааг өнгөрөөж байгаа билээ.

Зүгээр нэг цагийг нөхцөөх гэж үү?
Зүгээр нэг уйдсан хүмүүс цугларч уйтгараа тайлах гэж үү?
Зүгээр нэг хийх юмгүй улсууд бөөгнөрч зугаацаж байгаа гэж үү?
Зүгээр нэг ажил төрөлгүй болоод илүүг хайж цуглараа юу?
Илүү ч үгүй, дутуу ч үгүй байж мөнгө үрэх гэж наадаа уу?
Ид шидэнд шунаж, илээч бариач болох гэж зорио уу?
Ихэрхэж гайхуулж,  сүр хүчийг харуулах гээ юу?
Ихэмсэг дүрээ мөнхжүүлж, хэн хүнээр шүтүүлэх гээ юу?
           
ҮГҮЙ ЭЭ. Бидний зорилго аугуу том
Хөрстийн шинэ эринийг манлайлагчид
Хөх Моногоуул Алтан Ургийнхны Тэнгэрлэг үйлсийг үргэлжлүүлэгчид
Хөлдүү толгойлж өмхийрсэн болгоныг сэхээрүүлэгчид
Хөмөрсөн тогоонд хөлчүүрхсэн  бүрийг гэгээрүүлэгчид...

2013/08/12

Түшээ хүүгээ "алдчихав"



             Тайлбар: Гэрлийн Өргөөний улаачдыг хувийн цахим тэмдэглэл/блог/-ээ нээж түүх намтраа бичих,  хэн байгаад, яагаад хэрхэн улаач болов, улаач болсноор хир өөрчлөгдөв, махан бие, эрчим биеийн хөгжилтөнд  нь дэвшил гарав уу, орчлон хорвоог үзэх, ойлгох чадвар нь өсөв үү, гэх мэтчилэн маш олон асуултанд хариу өгөх, дүгнэлт шинжилгээ хийх талаар Аянгат Удган маань үүрэг чиглэл өгсөн билээ. Энэ бол үнэхээр чухлаас чухал асуудал, түүхийг өөрөө л үнэн бичиж үлдээнэ. Хэдэн зууны дараа байтугай, хэн дуртай нь түүхийг  хэрхэн яаж өөрчилж, гуйвуулдгийг бид мэднэ шүү дээ.
            Миний хувьд блогоо нээсэн боловч нилээд хугацаа өнгөрчихөж. Улаач болсон түүхээ бичих гэхлээр хувь хүмүүстэй түүх маань холбогдоод, бусдын хувийн асуудал руу өнгийсөн болчих гээд  басхүү хүлээзнэсэн нь учиртай байв. Жижигхэн хар саарал муур ч дундуур гүйчихэж... Үнэн юм үнэнээрээ байг ээ...

2013/04/17

Голомтын галын тахилгыг анх удаа бие дааж хийлээ

Хэдийгээр хүн бүр өөр, айл бүрийн амьдрал өөр боловч монгол хүн, хөх толботынхны зан заншилын тодорхой үйлүүд үндэс, суурь, зарчим нь нэг эхтэй, нэг л гаралтай ажээ.
        Байгаль дэлхий болон хүн өөрөө  УС, ГАЛ, МОД, ТӨМӨР, ШОРОО гэсэн таван мах бодиос үүсэлтэй,  тэдгээрээр тэтгэгдэж, тэдэнтэй харилцан шүтэлцээтэй оршин тогтдогийг дэлхийн олон эрдэмтэд, гүн ухаантнууд, мэргэдүүд, гэгээнтнүүд олон мянган жилийн турш судалж, тандан туршиж,  батлан нотолсон юм байна.
        Гэтэл олон зуун мянган жил ГАЛаа дээдлэн шүтэж, галынхаа эрчмээрээ байнга тэтгэгдэн амьдарч байсан МОНГОЛ хөх нуруутнууд хөх нь толбо болтлоо жижигрэн арилж,  галаасаа дөлсөөр холдон холдож, гал гэгч юу болохыг мэдэхгүй болж мунхран бас л нэгэн зууныг ардаа орхисон бололтой.
        Сэржээ, Хөх Толботууд.  Удам угсааны Буурал Дээдсүүд нь Дээд Орноосоо залран  өчүүхэн тураалын тархитай үрсээ сэрээх гэж олон янзаар өдөж, сөдөж, өрөвдөн хайрлаж, хайлан уйлж, харамсан гомдож, элдвийг үзүүлсээр,.. Үрс бид нь ойлгон ядан, итгэн ядан цагийг дэмий хоосон өнгөрүүлсээр,..

       2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө нар мандахын өмнө 5.30 цаг гэхэд галын тахилга хийх айлдаа очсон байлаа.
Нийслэлийн нэр хүндтэй нэгэн айл Гал голомтондоо Галын тахилга хийж өгөхийг хүссэний дагуу өчүүхэн улаач би хэдэн өдөр бодсны эцэст, буурал Дээдсээсээ асууж лавласны эцэст энэ том үйлд мордож байгаа нь энэ дээ.
       "Үр минь улаач болж биднийг энэ алгахан биендээ залснаас хойш жилийг бараагүй ч миний үрд итгэн найдаж өөрийн гал голомтоо сэргээн бадруулах томоохон үйлийг захижээ. Үйлийг гүйцээж давах нь миний үрийн чин хүсэл нь тэмүүлэл, зоригтой нь нэгдсэн тэр л цагт нь зөвширдэг учиртай" гэж миний толгой онго болох Кау Ир  Кү ЭЛ ЭИ жанжин аав минь хэллээ.   Ингээд хэдийгээр эмээж айж байсан боловч буурал Дээдсүүдээсээ асууж лавлаж юу бэлтгэх, яаж хийх, ямар ёсыг баримтлах, ямар өдөр хийх зэргийг мэдэж аваад нөгөө  айлынхантай хөөрөлдөж хугацаагаа тохирч, Галын тахилгын бүхий л зүйлийг бэлтгүүлж базаасан юм аа. Мөн ном болон интернетээс Галын тахилгын тухай ядмаг мэдлэгээ дээшлүүлж амжлаа.
         Галын тахилгын өмнө Нарны бөөлөө хийх ёстой гэсэн учраас Тэнгэр Удганыхаа хийлгэдэг Нарны бөөлөөний журам дэгийг дахин дахин саналаа, ганцхан Наран Эжий маань  намайг хуурдахад сонсох болов уу гэж бас эмээж байсан юм. хэхэхэ
        Галын тахилга хийхээс өмнө тэр айл гэр орноо сайтар цэвэрлэж бага боловч хир буртгаас салах ёстой байв. Айл ч бүтэн өдөр шөнөжингөө л цэвэрлэгээ хийсэн байв. 3 давхар, подвалтай байшинг цэвэрлэх гэж лав л 2 хүүхэд нь үгээ хэлсэн гэв. 
        Гэрийн эзэн ерөөлч, магтаалч хүн тул Галын ерөөл, магтаал эрхбиш байгаа байлгүй гээд тахилгын үеэр галын ерөөл тавих ёстойг бас урьдчилан хэлсэн байсан юм. Гэтэл тийм ерөөл байсангүй, харин ч сайхан юм болж гэрийн эзэн Галын ерөөлийг өөрөө зохиосон байлаа. \Удахгүй уг ерөөлийг авч эндээ нийтлэнэ ээ\
        Түүдгэнд мод аргал, өргөлд ганга арц, хонины өвчүү, цэвэр шар тос, тахилгад тавгийн идээ, таван  тансаг, үйлийн өмнө өргөлд сүү, талх боорцог зэргийг бэлтгүүлсэн байв. Бас суух сандал, мөргөх олбог, дэвсгэр гм.
         Ийнхүү Гал голомтын Галын тахилгын үйлийг эхлүүлсэн дээ. Шөнө сэтгэл хөдлөөд бараг унтсангүй, ёстой нэг ядруу амьтан байгаа биз, хэхэхэ. Хэдэн мөрт нетээс олж цээжлэх гэж оролдсон боловч "...ас ас ас, ...хөгж хөгж хөгж,... улалз улалз улалз, ...бадар бадар бадар" гэсэн хэдэн үгнээс бусад нь ой ухаанд тогтсонгүй ээ.
        Өглөө очиход айлын 4 хүн бас л  бага унтсан гэнэ, бодвол цэвэрлэгээ хийсэн бололтой. Охин нь хүүхэдтэйгээ унтаж байлаа. 4-үүлэнг нь дуудаж Галын Тахилга гэж юу вэ, яагаад хийдэг вэ, юуг цээрлэх ёстой вэ зэргийг тайлбарлан  хэлэв. 2 хүүхдийг нь харахад нэг тийм дуртай биш, төвөг учруулж буй мэт сэтгэгдэл төрөв, ялангуяа охин нь, уг нь боловсрол өндөртэй, японд сургууль төгссөн нэгэн. Тэгээд тоосон ч үгүй үйлээ эхлүүллээ. Тэдний бүх өрөөг амилуулсан гангатай, галаар ариулав. Гэрийн 4 хүн ч хамтдаа ариулсан юм. Тэгээд гадаа гарлаа.
         Бүх үйлдлийг улаач бид удирдах ёстой юм байна. Яг л цэцэрлэгийн хүүхдүүдийг чиглүүлдэг аятай үйл болж байлаа. Монгол хүн гэдэг чинь бас тэгж дураараа аашлаад байдаггүй юм байна. Би ч улаачийнхаа бүхий л хуяг, эдлэлийг өмсөж, зүүсэн болохоор тэд бас сүрддэг бололтой, хэхэхэ.
         Эхлээд өргөлийг нь өргүүлээд, ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагыг 9 удаа өөрөө дуудан тэднээр хэлүүлэв, гараа дээш харуулж өргөсөн байх ёстой биз дээ. Тэнгэрт нимгэн үүлтэй байсан боловч нар үүлний сиймхийгээр байн байн харагдаж байлаа. Тэднийг  нар руу харуулж суулгаад би зогсоогоороо хуурдаж эхэлсэн дээ. \Гэрийн эзэн басхүү настай, шарын шашинтан учраас би өөр өөрийнхөөрөө сүсэглэж болохыг урьдчилан хэлсэн байсан юм,  тэрээр умаах, умаах умаах гээд л байсан даа, хэхэхэ\
         Наран ээжий маань хуурдахыг минь, сэтгэлийг минь, хайрыг минь, хүслийг минь хүлээн авч, өнгө өнгөөр хувирч, янз янзаар хэлбэрээ өөрчилж, сүүлдээ бөмбөлөгт пуужинг тэдний байшин руу илгээсэн дээ. Гэрийн хүмүүс ч олж харж чадаж байсан. Ингээд л би улам зоригтой болж Галын бөөлөөгөө эхлүүлж тэр айлын галыг тахисан юм.
         Галыг би асааж  эхлүүлсэн, яагаад гэвэл галаа таслаад маш олон жил болсон айл, өөрөөр хэлбэл шавар дагзанд амьдраад. Дараа нь гэрийн эзэн, эзэгтэй галаа асаасан. Гал маш сайхан дүрэлзэн ассан даа.
Ингээд би бөөлж Гал улаан ТНГР-т мэдүүлж, хэний гал голомтонд ямар тахилга хийх гэж буйгээ хэлж, улмаар Гал Голомтыг нь ивээн тэтгэгч Галын эзэн буюу Галын хатан, Галын охин тэнгэр ч гэж нэрлэдэг, Галын бурхан эсвэл Эх галан гэж ч нэрлэдэг, нутаг нутагт, үе үедээ янз бүрээр нэрлэн шүтэж байсан юм билээ, тэр эрхэм эзнийг дуудаж гал дээр нь  буулгасан юм.
        Дараа нь Галдаа  ганга арцаа өргөсөн, дараа нь өвчүүгээ зөв харуулж өргөх учиртай, өвчүү хормойтой байхыг зэрэгцээ чанахдаа дөнгөж улаан шүүсгүй байхаар, улаан даавуу\цэвэр даавуун утсан, нейлонгүй байх\гаар ороож өргөдөг гэдгийг манай өргөөний том зайрангууд зөвлөсний дагуу өргөв, дараа нь цэвэр шар тосоо өргөлөө.     
         Галын эзнийг 3 настай хүүхэд шиг тийм ариун тагшин гэж үздэг тул өргөлийг шидэж өргөдөггүй, ер нь галд элдэв хог, хиртэй буртагтай зүйлийг хийдэггүй, гал руугаа хөлөө харуулж суудаггүй, галд хөлөө ээдэггүй, галд ус хийдэггүй, галыг үзүүртэй зүйлээр хөнддөггүй, галыг хөлөөрөө унтраадаггүй гэх мэтийн маш олон цээр, ёс байдаг байна. 
        Өргөлийн явцад чиглэлээ өгөхийн зэрэгцээ бөөлөөгөө хийж байлаа. Өргөл дууссаны дараа ерөөл магтаал, дуу хуураар галаа баясган хөгжөөсөн юм. Эхлээд Галын ерөөл өргөв. Дараа нь аав, эжий, эх орныхоо дууг дуулав. Дараа нь гэрийн эзэн, хүүтэйгээ Морин хуураар тус тусдаа уртын дуу, морины тухай дуугаар ая өргөв. БҮҮВЭЙН дуугаар Галын тахилгыг өндөрлөсөн юм. Үйлдэл бүрийн адагт тэд хурайлан дэмнэж, галдаа сөгдөн мөргөж байсан юм.
          Улаачийн хувьд бөөлөөгөө хийж энэ үйлийг дүүргэсэн бөгөөд эхнээсээ л гэрийн хүмүүсийн овог нэрийг, жилтэй нь дурдаж, айл гэрийнх нь  хийморь сүлд, бие бүрийнх нь амар мэнд, үр хойчийнх нь энх мэнд, ажил үйлийнх нь ашдын сайхныг Галынх нь эзэнд даатгаж байлаа. Мэдрэхэд, миний сайхан буурал Дээдсүүд энэ үйлийг дэмнэн түшиж, үгийн сайхныг мөрлөн дуудаж, сэтгэлийн дээдийг ерөөж байлаа.
           Хамгийн сүүлд тахилгад оролцсон бүх хүмүүс Алтан Наран эжийдээ, Мөнх Хөх Тэнгэр эцэгтээ, Тэнгэр эжийдээ, 99 тэнгэртээ, өөр өөрсдийн Өвөг Дээдэстээ талархлаа илэрхийлж ёсолсон юм. Тэд ч миний Дээдсүүдэд мэхийн ёслов.
           Намайг гэртээ урьж оруулан цайллаа. Нөгөө царай нь баргар байсан хүүхдүүд нь инээж хөөрч, яриа өдөж элдвийг асууж байлаа. Гэрийн эзэн алга л байв. Хайчсаныг асуухад гадаа Галын түүдгийнхээ дэргэд бясалган сууж байсан гэнэ. Ер нь галын цогийг бөхтөл дэргэд нь манах учиртайг би тайлбарласан билээ.
          Тэнгэр цэлмэсэн байхыг хараад бултаараа маш өндөр сэтгэгдэлтэй байсан даа.
         Галын тахилга нь айл гэрийн том домын засал болдгийн зэрэгцээ ариусгалын том тахилга болдог ажээ. Гай барцад, хэл ам, хараал, атаа жөтөө, алив муу бүхнээс хамгаалж, саад тотгорыг арилгаж, тэр бүү хэл гарзын үүдийг хааж, олзын үүдийг нээдэг гэж үздэг байна. Аягын чинээ дамар дэлдээд дийлдэшгүй гай барцадыг аянгын дуут ХЭНГЭРЭГ дэлдээд дор нь арилгадаг гэдэг учир Галын тахилга нь БӨӨ хүний чадал, чанарыг шалгасан том  зан үйл гэж үздэг гэнэ ээ.
        Иймд бид ойр дотныхныхоо Гал голомтын Галын тахилгыг хийж эхлэх хэрэгтэй бөгөөд маш сайн бэлтгэлээ хангаж өөрийгөө дээд зэргээр дайчлан үйлээ хийх нь нэг айлыг төвшин сайхан болгох сэтгэлээр Монгол Улсынхаа төлөө хийж буй бас нэгэн бага ч гэсэн дэм тус байх бөлгөө.
        Хүн бүр өөр өөрийн хувь тавилан, хувь заяатай, айл бүр өөр өөрийн хувь зохиолтой учир Галын тахилга нь ч өөр өөр байх нь зүй. Тиймээс Буурал Дээдсүүдээсээ сайн асууж,  лавлаж, тандаж байж, бүрэн бэлтгэлтэй үйлээ хийгээрэй. Бүгдэд нь Дээдийн Дээдийг ерөөе.