2013/11/20

БУРУУ, МУУ, БОЛОХГҮЙ


            Миний хувьд 108 бөөлөөг бусдаас нууцлах шалтгаан олсонгүй. Харин ч гэгээрлээс гэгээрэл рүү зүтгэж, зорьж буй бидний гэгээтэй үйлсийн чухал нэгэн үйл нь гэж бодов. Бусад /бөө/ нь ч бас үлгэр дууриалал болгоод өөрсдийгөө засаж, өвгөд буурлуудынхаа СУУ Ухаанаас бага, их болов сурч авбал нийт зон олонд тустай, ашигтай, дэмтэйсэн.
            Сорхагтан бэхи Хатны Алтан Шар Сударт: “...Буруу бүгдээр зөвийг дийлүүлдэг хүн хорлол  төрийн тураал...” гэсэн бий. Ухаант буурал дээдсүүд энэ аугаа судартаа  өнөөгийн нийГЭМийг урьдчилан тааж бус, зөгнөж бус, зөн мэдрэмж, ул мөр, ухаан ур дүй, алдаа ололтоосоо ухан мэдэж дурайтал хэлсэн байдаг. Цөвүүн цаг ирчихсэн, чимээгүй хар, нялуун дайнд нэрвэгдэж байгаа нь ч үнэн болсон үе. Зөв, бурууг ялгахаа байсан цаг.
           
            Улаач миний найм дахь бөөлөөний үеэр Дээд Хатан Өжий: “...Бурууг, мууг, болохгүйг мэдэж ухаагүй цагт, үүнийг зөв-сайн-болох-оос ялгаж ойлгож сураагүй үед цөвүүн цагийн нийГЭМд зөвөөр сэтгэж, зөвөөр сэхээрч, зөв гэгээрнэ гэдэг нь цаг хугацаа, хүч шаардсан, хүндхэн үйл болно доо. Та нарын ариун үйлийг ч тэнэг бүдүүлэг, мухар сүсэг бишрэл, гажиг хүмүүсийн жүжиглэл гээд байгаа биш үү??? Зөв нь аль юм? Буруу нь юу юм? Бум түмэн ардад хэрхэн ойлгуулах юм?
            ...Олон зуун жил өнгөрч..., харийн хар хуйхтнууд монголчуудын зөвийг буруу болгох бүхий л муу аргыг сэдэж, яс цусанд нь шингээж чадсан ч,  хөх толбо арилаагүй цагт зөв нь сэргэх л болно. Буурлууд бид хамжих л болно.
            Харин “буруу, муу, болохгүй” гэдгийг олонх нь зөвөөр ойлгож мэдэж авбал сэхээрэх явц нь түргэснэ дээ. Бидний цагт зөвийг нь илүүтэй оюун ухаандаа гүн шингээсэн байсан болохоор хурдан нэгтгэгдэж, Тэнгэрийн үйлийг Эрхэм Дээд Хааны удиртгал дор  тун шуурхай хэрэгжүүлж чадсан юм шүү. Хатад бид ч үүрэг, хариуцлага өндөртэй, ухаан оюунаа уралдуулж явсан юм. 
            Гэхдээ,  хичнээн их мэдлэгтэй, ухаантай, оюунтай байгаад хүслийн зүй нь буруу, зоригдол нь буруу бол, Хөх Монгол хүүн хүслийн ёс, зоригдол байхгүй бол хийх үйл нь, үр өгөөж нь буруу л байх болно. Мөн “мэдвэл зохихуй”-г мэдэхгүй бол хичнээн мөрөөдөл, хүсэлтэй байгаад нэмэргүй. Бүх зүйл эргэлдэн бие биетэйгээ нөхчилдөж байж зөв-эерэг үр дүн гардагт  учир нь байгаа юм.
            Бугшмал гэж юу юм? Яагаад бугшив? Хэн хэрхэн бугшаав? Хэрхэн яаж бугшмалыг устгах вэ? гэдгийг мэдэмгүй бол бугшмалаас ангижирна гээд мөрөөдөөд хэрэг үгүй.  Та нар БӨӨ болсныхоо хүслийн зүйг мэдэмгүй, зоригдлоо ойлгож ухамгүй бол 999 бөөлөөд ч онцгой тус үгүй дээ.
            Хар мууг арилгах гэж, харш бурууг засах гэж, хамаг зоныг сэхээрүүлж гэгээрүүлэх гэж БӨӨ болсон юм бол эхлээд зөв-буруу, сайн-муу, болох-болохгүйг ягштал ялгаж сурчихаад өөрсдөө зөв СЭТГЭЖ, зөв УХААРЧ, зөв ХӨГЖИЖ, зөв ТАНЬЖ, зөв ЯРЬЖ, ХЭЛЖ байж л зөвийг үйлдэж, зөвийг гүйцэлдүүлж, эвэнд нэгтгэгдэж, хамтаар хариуцан хүчирхэгжиж, бусдыг дагуулж, бусдыг манлайлна даа...
            Заа, үр чи “буруу, муу, болохгүй”-г бичээтэх” гэв.
            Тэгээд л 4 бөөлөө маань Алтан шар Судар, Алтан Дээд Үнэний Аялгуунуудыг ахин дахин унших уншлагын бөөлөө болж орхив оо. Эдгээр судруудыг урьд нь би  олон удаа уншсан л даа, байнга л авч явна, цаг зай гарах бүрт эргүүлэн хардаг хүн. Гэтэл Хатан өжийтэй хамт унштал яасан илүүг ухав, ямар амар уншигдаж байв.  Хажуугаар нь Монголын нууц товчоо, Монголын зүйр цэцэн үг, Монголчуудын ёс суртахуун, ёс заншил зэргийг бас дахин харлаа.
           
            “БУРУУГААР ЗӨВИЙГ ДИЙЛҮҮЛДЭГ хүн хорлол” гэнэ үү, ямар том агуулга байна вэ???   БУРУУГААР ЗӨВИЙГ ДИЙЛДЭГ цаг үе...???

 “Хүслийг хясал дийлвээс
Хүндтэй элч иргүнийг эвдвээс
Сайн муу хоёр эвлэрвээс
Ариун бузар хоёр холилдвоос
Алмас хаанаар суух дөхвөөс
Хуурамч зараар ноёд тодорвоос
Хувхай яс хувь хүртвээс
Харлаж улайж шарлахуй
Хамтдаа бүгдийг хамарсны шинж”                 Алтан Дээд Үнэний Аялгуунаас
          
         Бурууг зөв гэж сэтгэнэ, бурууг зөв гэж сайшаана, бурууг зөв гэж  дууриана... Маш том, өргөн сэдэв юм байна. Задалж бичвэл нэлээд олон ном болохоор. Тиймээс би маш товчхон бичихийг оролдоно, ганц нэг тайлбар зүүнэ, цэгцтэй болгох үүднээс ангилна.  Андууд минь харин санаа оноогоо хэлээд, аугаа мэдлэгээ нэмж дэлгэрүүлээд монголчуудын гэгээрэлд ДЭМ хүргээрэй.
 "Дуслыг хураавал далай    
Дуулснаа хураавал ЭрДЭМ”
“Авах хүнд энгийн үг ч эрдэнэ
Орхих хүнд ухаантны үг ч улиг”
        Онгод-Буурлуудын хэлж буйг, ойлгуулах гэж буй бүхнийг, Ухаант Дээдсүүдийн өвлүүлж үлдээсэн судар, номыг болж өгвөл шууд утгаар нь бус, цаад нарийн санаанууд, гэрэл очийг нь харж, ухаж ойлгохыг хичээх хэрэгтэй юм байна.  Алтан судар, Алтан Дээд Үнэний Аялгуунуудын бүхий л өгүүлэмжүүд нь оньслон цоожлогдсон.  Монголын Нууц товчоо дахь үйл явдлуудыг ч шууд утгаар нь ойлговол бас буруудна, ихэнх нь нууцлагдсан, товчлогдсон үйл-ухаан юм.  Бидний ухаан мөхөс, тархи тасам болчихсон болохоор л дахин дахин уншсаар... олуулаа судлаад ч  дийлэмгүй он жилийг ардаа орхисоор...

           
            Хүний оюун ухаан, бодол нь хэлийг удирдана, хэл нь үйл, үйлдлийг удирдана. Тэгэхлээр хүний оюун ухаан хэрхэн хөгжин тэлж, ЗӨВ мэдвэл зохихуйгаар хэрхэн цэнэглэгдэнэ, бодол тэр хэрээр зөв байж хэл болон үйлийг залах нь.
             “Буруу, муу, болохгүй”-г  бодол, хэл, үйл гэсэн гурван хэсэгт ангилъя.
           
            Нэг. БОДОЛ оюун ухаан
            Оюун ухаан +мэдвэл зохихуй+ хүслийн зүй=БОДОЛ
Зөв+зөв+зөв= Зөв бодол. Бага+байхгүй+байхгүй=Буруу бодол   Ийм энгийн томъёолол байж болох юм. “Бодол бол маш чухал юм” гэсэн дүгнэлт гарна.  

“Харцаас бүрэн эрхт хүүхэд төрнөм
Харанхуй бодол түүнийг булГАЙ болгоном
Хамгаас бүрэн эрхт хүүхэд төрнөм
Мунхаг бодол түүнийг булГАЙ болгоном”       Алтан Дээд Үнэний Аялгуунаас
           
            “Буруу, муу, болохгүй” бодол гэж  юу вэ?
  • Хар буруу санах \Байнга энэ намайг ингэчихлээ, энэ үүнийг хийх хүн, энэ намайг чадчихлаа, энэнээс болоод надад муу юм боллоо гм бодитой болоогүй зүйлийг ургуулан бусдыг буруушаан хараар бодох\;

     “Хар санаа бие барах
     Хагархай сав хоол барах”

     “Хацрын хирийг угаавал арилна
      Хар санааг хусавч арилахгүй”

     “Санаа муутын заяа муу
     Сармай дээлийн хормой муу”
  • Хардаж сэрдэх \Хардалт бол өвчин болж хувирдаг гэдэг. Ихэвчлэн хар муу үйлийг дагуулдаг. Хий хоосон сэрдсэнээс эвтэй байсан бүх юм нурах үе ч гардаг\;
  • Хэрүүл, хов живийг сэдэх; \Гэнэтийн тохиолдлоор бус урдаас төлөвлөж хэрүүлийг сэдэж зохион байгуулдаг хүмүүс байх юм. Өднө хатгана. Сая хүн дотор нэг хатгагч, хэрүүл өдөгч, хов жив зөөгч байхад л эвдэлж чаддаг учраас хамгийн аюултай\;
  • Хорлохыг сэдэх \аливаа хорлол, жатга, хараал, дээрэмдэх, хулгайлах, айлгах, зодох, занчих, дарамтлахыг бодож олох\;
  •  Алж, устгахыг сэдэх \хүн, амьтан, ургамал, эд хөрөнгө болон бусад байгаа бүхнийг устган үгүй хийхийг сэдэх\;
  • Цөлмөхийг сэдэх \эрдэс баялаг, ховор ан амьтанг баяжих эх үүсвэр болгох ганцхан зорилго агуулдаг учраас хамгаалах, хайрлах, үржүүлэх сэтгэхүй байхгүй, зөвхөн хоосолж цөлмөх ухаан л байдаг\;
  • Гомдох \гомдох нь хувь хүний асуудал мэт боловч маш олон өвчин үүсэх шалтгаан нь болдог, түүнчлэн хүмүүс хоорондын харилцаанд хамгийн амархан сэв суулгадаг учраас нийгэмд хортой\;

     “Гомдол хувирвал өшөө хорсол болно
      Гол бялхвал үер болно”
  • Үзэн ядах \үзэн ядалт нь бас хүнд өвчин үүсэх нэгэн шалтгаан болдгийг салбарын эрдэмтэн судлаачид нотлоод байна. Үзэн ядсан хүнээс ямар ухаан, ямар хэл яриа, ямар үйлдэл гарах нь тодорхой\;
  •  Хувиа бодох, шунах \шунаг сэтгэл бол бүхнийг хорлож чадна\;

     “Хар амиа бодогч хатуу булГАЙ
     Хамаг улсыг сандаргах болмой
     Хувиа бодогч худалч булГАЙ
     Хураасан улсыг тараах болмой”       Алтан Үнэний Аялгуунаас
  • Муу залийг сэдэх\суу заль, муу арга залийг ялгах хэрэгтэй. Ялгаа нь зорилго, үйлийн үйлдэлд нь буй\;
  • Шүд зуух, шазуур зуух\болсон асуудлыг санаанаасаа арчиж хаях чадваргүй, өршөөх, уучлах сэтгэлгүй хүмүүсийн бас нэгэн ухамсар\;
  •  Тачаадах;
  •  Бусдыг болон өөрийгөө байнга зүхэх;
  • Ойр дотны хүмүүсээ арчаагүйд тооцох, өөрийгөө дөвийлгөх;
  •  Бусдыг тээршаах;
  •  Байнгын сэтгэл дундуур байх гэх мэтээр олныг дурьдаж болно.

             Хоёр. Хэл
            Амнаас гарч буй дуу авиа болгон хэл болж дамжигддаг. Ярих, дуулах, хөөмийлөх, инээх, уурлах, уцаарлах, орилох, гийнах, үглэх, бахирах, хурхирах хүртэл хэл болно. Хэл бол хүнийг тодорхойлох гол хэрэгсэл. Бодсон нь хэлээр дамжигдана, оюун ухаанд байгаа нь хэлээр илэрнэ.  Хэл бол хүн хоорондын харилцаа.
“Амны билгээс
Ашдын билэг” 

            “Буруу, муу, болохгүй”  хэл гэж юу вэ?
  • Худал хэлэх \Хамгийн аюултай үзэгдэл. Үнэнч, шударга байх зарчим үндсэндээ алдагдсан. Гурван настан ч худлаа ярина, гунхсан сайхан хүүхэн ч худал ярина. Аав ээж нь ч худал ярина, аварга сайхан бөх ч худлаа ярина. Ерөнхйилөгчөөсөө авахуулаад бараг бүх хүн \90 хувь нь болов уу, тааж байна\ худал ярина. Айснаасаа худлаа хэлсэн байх, аргалах гэж худлаа ярьсан байх, авах гэж худал хэлнэ, аргадах гэж худал хэлнэ. Хулгайлах, цөлмөх, баяжих, албан тушаал дэвшихийн тулд юу гэж ч худлаа хэлж болно. Гол нь худлаа хэлэх бол зөвшөөрөгдсөн ЭРХ болчихсон Гэм. Эх нь худлаа хэлдэг болохоор хүүхдүүд нь цөм худалч, сургаж байгаа багш нь худалч болохоор сурагч оюутан нь цөм худалч.  Энд хязгаар байхгүй, тиймээс итгэл гэж нандин зүйл байна уу? Үгүй юу? Бүх харилцаа худал болохоор улсын хөгжил, хүний амар амгалан байдал ямар байх билээ?\;
  •  Уурлан хилэгнэх, уцаарлан аашлах, цэхэгнэн зандрах \Хүний мөс чанарыг уурласан үед нь мэдэж болдог гэх. Энд байнгын уур уцаарыг хэлэх ёстой байх. Өнөөгийн энэ нийГэмд стресстэх шалтгаан асар их байгаа болохоор уурлах, бухимдах нь бас л энгийн үзэгдэл болсон нь аюул. Онцгой хилэнтэй, уур омогтой хүмүүс байх юм. Бүр гэр бүлээрээ, хоорондоо байнга адсага шиг харьцдаг, гаднын хүнээс ч санаа зовно гэж байхгүйгээр, түүнийгээ муу муухай зүйл гэж өчүүхэн чинээ боддоггүй. Бие биен рүүгээ хялс, цэхэс гээд л, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилна. Уламжлагдаад тогтчихсон заншил гэмээр. Уур, хилэнтэй хүнээс яаж сайхан үг гарах билээ? Өдрийн хэдэн удаа ааш нь хувирч, уур уцаартай, зандран цэхэгнэх хүний дэргэд эрүүл хүн тогтох уу? Амнаас нь гарч буй үг бүр нь зандрангуй авиатай. Сайхан юм яавчиг биш.\;

      “Уцаар  ихтийн хараах нь хэцүү
       Ухаан муутын аашлах нь хэцүү”
      “Сарны гэрлийг үүл халхална
       Саруул бодлыг уур халхална”
  • Байнгын  хараал зүхэл хэлэх \Хараал хэлэхийг бас л энгийн зүйл мэтээр хүлээн авдаг болсон үе. Үг бол маш хүчтэй зэвсэг, олон удаа хэлэгдэх тусам муу нь өөр дээр нь биелэгддэг гэдэг. Цус нөжөөр хараана, үхэх хатахаар нь хараана, өвдөх зовохоор нь хараана, элдвээр хэлж зүхнэ. Хараахыг цээрлэж, хатуу хорьсон үе монголчуудын дунд олон зууныг дамнасан байна. Хараал хэлдэг хүн өөрөө өөдөлдөггүй гээд тархинд нь шингэчихсэн учраас хүн өөрийнхөө төлөө, өрөөлийн төлөө нэгийг боддог, хоёрыг тунгаадаг байж. Цусаар хараадаг хүн өөрөө цус үзэж үхдэг гэж үздэг байж. Бүүр болохгүй бол “тосоор гоожмор”, “тосоор гоож” гэж хараасан болдог байж дээ. Нийтээрээ хараагаад байхлаар яаж зон олноороо өөдтэй, өнгөтэй явахав. Амархан уруу дорой болгох хартны  бас  нэгэн санаа байсан биз дээ.\;

       “Харуул сүх модондоо
        Хараал үг хүндээ”
  • Байнгын зохисгүй, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх \Энэ бол бас хамгийн энгийн зүйл болчихсон. Боловсорсон, боловсроогүй цөм мууг дуудна.  Дургүй нь хүрсэн л бол юуг хэнд яаж хэлэх нь хэнд ч хамаагүй. Замбараагаа алдчихаад байна. Ганцхан жишээ, пидда\пизда\, наахуу\на хуй\, амны уншилга болсон орос үг л дээ. Эмэгтэй эрэгтэйгүй хэлнэ. Монгол хүн бөгснийхөө эрхтний нэрээр бие биенээ нэрлэдэг гэж үү? Пидда минь, пидда чинь, пидда минь ална шүү, аймшигтай нь энэ үгийг 3-хан настан ч хэлнэ, ИХ гишүүн дарга нь хуралдай дээр хашгиран хэлж даналзана. Харь үг тулдаа муу нөлөө нь багасдаг л байх. Бөлдөг минь, үтэг чинь, ал минь, шовго чинь гэж ярьдаг бил үү?   Миний санахын “үтэг чинь” гээд нэг өвгөнийг хэлтэл, нөгөөдөх нь “цөг чи, нүгэл гэм” гэж нэг номон дээр, эсвэл кино дээр гардаг. “Солиор чи, хуц чи, уль чи” “үхэж байсан новш”, “хүүр” гээд л урьдчилаад нэг нэгнийгээ галзуу солиотой, нохой шиг ардаг ярдаг, чоно шиг архирч ноцдог, үхмэл болгочихлоор  яаж бултаараа зовхи нь өөдөө явах билээ.  Монголчууд үгийг маш ухаалгаар хэлж ярьж заншсан нь асар их учир холбогдолтой юмсанж. Даанч бид улам л мууг дагаж дууриагаад, дордоод... Хүндэтгэлийн үг, цээрийн үг гэж хатуу тогтоосон байж. “Муу үг модон улаатай” гэх\;
  •  Хов жив ярих \хүний алдаа, мадгийг нүүрэн дээр нь хэлэх явдал улам цөөрсөн. Хүнийг байхгүйд дандаа араар нь ярина, заавал муулна, өөлнө, нэр хоч өгнө.  Ийм хүнийг хүн муутай, туйлбаргүй, хамгийн өөдгүйд тооцдог байсан байна.  Ер нь бусдыг муулж байгаа хүнийг, хов живтэй яриаг сонсдоггүй байж. Тийм яриаг сонссон хүн амаа тас түгждэг ёстой. Гэтэл одоо сонссоноо давс хужир нэмж нэг ярина, хасч нэг ярина, эргээд хэрүүл болох, эв түнжин хагарах, буруу санах, гомдох, өслөх эх үүсвэр нь болдог учраас л хов жив ярихыг бас л хорьдог байжээ. Өнөөдөр бусдыг муулж элдэвлэж байгаа хүн маргааш чамайг ч бас муулж дөнгөнө, тиймээс ийм хүнээс ихэд болгоомжилдог байж. Түүнээс гадна хов живийг бодит мэдээлэл дамжуулж байгаа явдлаас бас ангид авч үздэг байх учиртай. Байх ёстой мэдээлэл, засах ёстой үйлийг тодорхой шатанд хэлэлцэхээс өөр үг үгүй.\;

        “Өнөөдөр чамд хов зөөсөн хүн
         Маргааш чамайг ховлоно”  
  • Бахирч орилж, хашгирч, ярдаглах \Бахирч орлих, хашгирч зандчихыг сайнд тооцдоггүй. Хүүхдээ болон ойр хавийнхныг олны өмнө дуугаа өндөрсгөн хашгирч загнах, зандчих нь олиггүй, ухаан муутай хүний шинж гэж үздэг байж\ ;
  • Байнга хэн нэгэнтэй хэрүүл хийх, өдөж хоргоох \Хэрүүлээс хамаг муу бүхэн ундран гардаг гэх. Ялангуяа орой шөнө хэрүүл хийхийг хатуу цээрлэдэг байж. Хэрүүл, хараал, хар муу хэллэг, хар муу санаа зэргээр  хар сүнс хооллодог гэдэг, тийм хүнийг хар сүнс сүг байнга дагадаг гэж үздэг. Хэрүүлч, хараалч, уур омогтой хүнээс өвчин, муу зүйл салдаггүй, ажил үйлс нь ч хэвийн байдаггүйн учир нь тэр гэх. Угаасаа хэнтэй л бол хэнтэй хэрүүл хийгээд, ийш тийшээ савлаад л, элдэв янзын ааш гаргаж хашгичаад, би л амтай, би л ааштай хүн гэсэн шиг даналзаж дөвчигнөөд байгаа хүн сайханд, сайнд тооцогдох уу? Ур ухаантай байж таарах уу? Хэлэх үгээ цэнэж, боловсруулж чаддаггүй, тэвчээргүй хүн л тийм байдаг шүү дээ\;

            “Хүзүүгээрээ уушгаа гарган хэрэлдэн
            Хүчилж уурлан хүрхрэн хатгалдан
            Хүмүүний бус авираар нудралдваас
            Эрх биш тамлал байнам за”  Алтан Дээд Үнэний Аялгуунаас
  • Зовлонгоо тоочин уйлагнан улцагнах;

      “Зовлонтой байсан ч орондоо бүү уйл
      Жаргалтай байсан ч орондоо бүү дуул”
  • Нууцаа задлан амаа уран чалчих;
  • Дээшээ зусардан бялдуучлах\Нэр нүүр олох, тушаал дэвших, хөрөнгө горилох гм өөрийнхөө төлөө зусардан бялдуучлах явдал өнөө үед газар авсан мэт.  Төрийн нарийн бичгийн даргынхаа өмссөн гутлыг нь тослоод сууж байсан мэдлэг чадвар багатай, хэл усгүй, сайхан залууг би нэг удаа харсан юмдаг, үнэхээр гайхсан,  ширээг нь янзалж байсан бол бас ч яахав, цүнхийг нь барьж гүйгээд л,  гэрийнх нь ажлыг хийдэг гэвэл яахав? хов жив зөөж, элдэв муу хорыг сайн найруулдаг байсан гэсэн, үнэхээр тэгж гүйсээр байгаад том агентлагийн дарга болсон шүү. Чадал чансаагүй, мэдлэг нимгэн хүмүүс ТӨРийг удирдана, засаглана гэхлээр яаж улс хөгжих билээ. Энэ бол ганцхан жишээ. Шат шатандаа ингэх ёстой гээд заншил болчихсон.  Долигонож гүйхгүй бол биеэ тоосон нэр зүүнэ. Харин зусардах гэх үйлээс, тодорхой ажил үйлсийн төлөө нэгэн зорилгоор хамтдаа үйл хийж, “чаддаг чаддагаараа” бие биендээ туслан зүтгэж буй андуудыг ялгаж салгаж ойлгох нь чухал\;
  • Ихэрхэн дээрэлхэх\ядарсанд ялархаж, өнчинг өөлж дээрэлхэж, өөрөөс доошихыг дарлан дарангайчилж, хэлэхийн муухайгаар хэлж нэрлэж буй хүнийг хэзээд ч олигтой хүнд тооцдоггүй байжээ.\;

     “Дотроо нигүүлсэхүй сэтгэл үгүй болбоос
      Тоолшгүй эрдэмтэй боловч
      Тун тус үгүй”      Их Эзэн Хааны хэлсэн үгнээс
  • Бурууг дэвэргэх, хий хоосон донгосох;
  • Бурууг тулган хүлээлгэх;
  •  Мэдвэл зохихуйг мэдэхгүй байж мэдэмхийрч буруу зөрүү ярих;
  • Гайхуулж бардамнах, худал бэлэн хоосон амлах;
  •  Мэдэшгүй мууг түгээх, зарлах;
  • Төвөг бүхнийг дээдлэн магтах; гм

             Гурав. ҮЙЛ, эс үйлдэл
            Буруу бодол, буруу хэл ярианаас зөвхөн буруу үйл л үйлдэгдэнэ.
       Буруу эс үйлдэл гэдэг нь хийх ёстой үйлийг зориуд хийхгүй байгаагаас бурууг, мууг өөгшүүлсэн байх, бурууг засах, арилгах үйлийг хийгээгүйгээс хор хөнөөлтэй болсон байх, сайжруулж чанаржуулах явдлыг эс үйлдсэнээрээ дорой уруу байдалд орсон байх, хэлэх ярих ёстой зүйлийг дамжуулаагүйгээс алдагдал эндэгдэл гарсан байх гэх мэт эс үйлдлийн хор холбогдлыг авч үздэг.   
           
            “Буруу, муу, болохгүй” үйл, эс үйлдэл гэж юу вэ?
  • Мэдлэггүйгээс, шуналтайгаас, ухаан муутайгаас буруу шийдвэр гаргах \Буруу шийдвэрийн хор холбогдол асар их. Ганцхан жишээ, гадаадынхан аливаа бизнес хийх гэрээний төслөө ховдог мангас, матрын хэд хэдэн шатны үйлдлийг шатрын нүүдлээр боловсруулж ирдэг. Гэтэл манайхан буцалтгүй зээл, хөрөнгө оруулалт\энэ нь ихэвчлэн өнгө далдалсан зальт арга байдаг\ гэдгийг сонсонгуут л эхний шатны аав мангасын том аманд шууд давхиад орчихдог гэдэг. Дараа дараагийн шатны нүүдлүүдийг хийхээ ч мэддэггүй, хүсдэггүй байж ч мэднэ, эсвэл хармаанд нь хэдэн боолт ногоон хийчихвэл мангас байна уу, матар байна уу, ялгаагүй, тэр даргад ард түмэн, нутаг шороо ч огт хамаагүй, эхний саналаар нь шийдвэр гаргадаг. Хүний хэдэн төмөр, шавар дагзыг хэлснээр нь үнэлдэг хэрнээ өөрийн нутгийн хэвлий дэх эрдэс баялгийн үнэ цэнийг өчүүхэнд тооцдог.  Хохирлыг нь эх дэлхий, газар ус, ард түмэн, хойч үе амсдаг, үе үеэрээ ч амсах болдог.Энэ бол томоос том аюул.\;
  •  Амь зууж цадахын тулд л аливааг устгаж хэрэглэж байна;

      “Хан хорвоод хор учруулж
       Хар хэвлийгээ цатгагчдад
       Харгана бут идэх тэмээний эрх л өгтүгэй”       Алтан Дээд Үнэний аялгуунаас
  • Бүгдэд тэгш эрх өгснөөс юуг ч хариуцах эзэнгүй болгосон \Мэдвэл зохих мэдлэггүй олон  эрх дархтантай  болсноос ард түмэн нь амар амгалан бус амьдарч, төрийнх нь хөл толгой нь ялгагдахаа больж  хүнээ хариуцах байтугай, газар ус, нутгаа хариуцдаг мэдэлтэнгүй болсон нь хамгийн том эмгэнэл гэнэ. “Эрх гэж хариуцахыг хэлнэ” гэж эрхэм хатны сударт хатуу сургасан буй. Эрх олгохын тулд мэдлэг, оюун ухаан, ур дүйг нь хэрхэн шалган шүүж, магадлаж байгааг  Мөнх хааныг Хаан ширээнд суулгахын өмнөх шалгуур сайтар харуулсан байдаг. Эзэн хааны ач хүү гэж ч арын хаалгадаагүй, эрхэм ёсыг чанд сахисан нь хариуцлага гэдгийг олон түшмэд, ард түмэнд сануулж чадсан гайхамшигтай үйл, зан заншил болсон. Гэтэл одоо намд хэн их мөнгө хандивлаж чадсан нь, хэн их хор найруулж түмний толгойг эргүүлж чадсан нь ТӨРийн оройд гардаг болсноос хариуцах юмгүй, хариуцах эзэнгүй, хариуцлага гэдгийг мэддэггүй, хариуцлагагүй нийГЭМ тогтчихоод байна.  Эдэнд захирагдаж, эдлэх үүргээ ухамсарлаж ухахгүй хүн дарангайч дарга нар нийХЭМийг тогтооно гэдэг жинхэнэ худал.\;

     “Бүрэн эрхт хүүхэд эхээс төрдөг ч
      Бүгдээрээ тэгш чадвартай байдаггүй
      Авьяас нь ч ижилхэн болж хөгждөггүй 
      Авьяас, чадварт нь тохирсон эрхийг л эдлүүлтүгэй”

      “Хэн ч юу ч хариуцахгүй бол
       Эрэмдэг төр, зэрэмдэг засаг болном
      Төөрөлдсөн хэдэн булГАЙ
      Төрийг эзэлж иргүнийг гутаамой”

      “БулГАЙд иргүний эрх өгвөл
      Буянт төр хорлогч алуурч болмой
      БулГАЙд булГАЙн эрх л эдлүүлсүгэй
      Бусдаас хомс бага эрхтэй байлгатугай”

      “БулГАЙг иргүн болгож засна гэвээс
      Бүрэн эрхийг нь тэгш бус эдлүүлсүгэй”            Алтан Дээд Үнэний Аялгуунаас;
  • Доройтож, үжирч, хөгийн болж, гаднаас гуйж, зээлж доройтон, согтож, галзуурч, ядуурах;
  • Оршихуйн алдаа, оноог ялгахаа байх;
  •  Гэм гайг ойлгохгүй болтлоо тархины тураалд орох;
  • Нийтийн өмчийг хулгайлан дээрэмдэх \Чимээгүй дайн бол газрын доорх баялагийг гадны дээрэмчид хөрөнгө оруулалт, зальт гэрээний дор ховх сорж цөлмөж байгаа явдал. Харахад, сонсоход аюулгүй мэт боловч энэ бол хамгийн аюултай сүйрэл. Газар доорх эрдэс баялаг бол нийтийн өмч, хуулиндаа ч тэгж заасан. Гэтэл өнөөдөр хэдхэн боулиГАЙ нарын шийдвэрээр харийнхны дээрэмдэх объёкт болгочихсон, хэдхэн зальт хахуульчдын эд хөрөнгө болж эмх замбараагүй эзэмшин захиран зарцуулж, үрж устгах бай болгочихсон байна. Мэдээж ашиг хонжоо нь гадагшаа урсана...\;
     “Миний нутгийн газар шороог бурхан гуйсан ч бүү өг!” хэмээн Хүннү Гүрний их Хаан Модун Шаньюй захисан буй.
  • Боловсролыг баяжих хэрэгсэл болгосон \Зорилго нь буруу болохоор боловсрол эзэмшигчдийн мэдвэл зохихуй ямар байгааг бүгд гадарлана даа\;
  • Ухаж цөлмөх, газар усанд хорлол, хохирол учруулах, амьтан мал ургамалтай харгис хэрцгий хандах;
  •  Бусдын амийг хөнөөх;
  •   Бусдыг зодож занчих, оюун санаанд болон биед гэмтэл учруулах;
  • Хээл хахууль, авилга өгч авах;
  •  Албан тушаал горилж элдэв мууг сэдэн үйлдэх;
  • Архидан согтуурах, мансууруулах элдэв төрлийн зүйлс хэрэглэх;
  • Завхайрч айл гэрийг бусниулах, үр хүүхдэд амьдын хагацал үзүүлэх;

      “Ханьдаа хор учруулж  
      Хайрын зүрхийг харлуулбаас
      Харагдсан жингэр дагах
      Хар нохойн эрх эдлүүлтүгэй” Алтан Дээд Үнэний Аялгуунаас
  •  Эрийг эмлэх, эмийг эрлэх, хүйс солих;
  •  Хэвлий дэх үрийг устгах;
  • Ард олныг ангилан бутаргах, задаргах\Ард түмэн маань хичнээн хэсэг болон бутарчихсан юм бэ дээ. Хэдүүлхнээ байж хэдэн намд хуваагдав, хичнээн шашинд ангилагдав, хичнээн оронд тараагдав, хичнээн олон дарга нарт давхар давхар захирагддаг юм. Яасан ч олон толгойлогчтой юм. Олон толгойт могойн үлгэрт  гардаг шиг олон толгой нь олон тийшээ зүтгэчихлээр ганц бие нь тамирдан зүдрээд яахан урагшаа тэмүүлэх билээ, яг л тийм төр улс тийчигнэж байх шив.  Нэгдмэл нэг сэтгэхүй дор, нэгэн их зоригдол андгар дор,  нэгдсэн андууд төрийг бадрааж, нийХЭМийг цогцлоож, Их засгийг байгуулдаг ажээ.

        Аугаа Өвгөд Дээдсүүд Алтан сударт өнөөгийн цөвүүн цагийг хэрхэн даван туулах, энх тунх байдалд хэрхэн хүрэхийг бас л хэлээд, сургаад үлдээсэн байна. Ухаж ойлгон, ур ухаан, арга билгээ тэлэн зөвшрүүлж, мэдвэл зохихуйг энгүй эзэмшиж, мэдлэг оюунаа гайхам дээшлүүлж, өөрсдийгөө засаж өрөөлийг сэхээрүүлэн гэгээрүүлэх нь бидний үүрэг, хариуцлага мөнөөс мөн.
           
            Бугшмал болсон “буруу, муу, болохгүй”-ээс өчүүхэн хэсгийг бичлээ.


                     2013-11-20 22:22:51  Улаанбаатар хот            

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.