"Орчлон
хорвоогийн асар дор
Онгодын ертөнц байсныг ойлгосонгүй явж
Одот гаригийн хязгааргүйн мандалд
Оройн
их сүнснүүд оршдогийг ухаарсангүй явж
Давалгаат их огторгуйн дунд
Далд ертөнц
байсныг анзаарсангүй явж
Дээдийн дээд
Тэнгэр Онгодууд
Дэс жаягаараа
мөнхөрдөгийг сэхээрсэнгүй явж
Мянга мянган жилдээ
Моногоуулууд дэлхийг засдаг юмсанж
Энэ мянганы ИХ Заслыг хийхээр
Эрэмгий Дээд Буурлууд үрсдээ буужээ" СН
Энэхүү тэмдэглэл маань Гэрлийн өргөөний улаач, гишүүдийн тухай "Гэгээн зөн" гэх номд багтсан, миний улаач болсон талаарх товчхон намтар түүх юм уу даа.
2009 оны
намар дүүгийн охин “миний найз бөө юмаа, тэр нэгэн зүйлийг дамжуулан хэлээд
байна” гэж хоёр гурван удаа хэлсний дараа би дүү нараа дагуулан залуухан удган
охинтой уулзаж анх бөө хүний гэрт зочилж “өвөө”-тэй нь золгож билээ. Түүнээс
хойш хоёр жил гаруйтай сар бүр тэр удганы буурлуудтай очиж золгодог, засал
юугаа хийлгэдэг, асуух зүйлээ асуудаг боллоо. БӨӨг улам сонирхдог болж номын
дэлгүүр орох бүрдээ бөөгийн тухай, сүнсний тухай, далд ертөнцийн тухай гадаад,
дотоодын ном заавал худалдан авдаг, тэр дор нь уншдаг, дахин уншдаг, компьютер
дээр ажиллах тоолонд заавал бөөгийн тухай мэдээлэл, сайт, блогийг хайдаг уншдаг
болчихсон байв.
Өнөөдөр
2012 оны 10-р сарын 29-ний өдөр, эргээд бодсон чинь би гэдэг хүн 1997 онд
нисэхийн нэг удгантай, 2000 онд 1-р
хорооллын өмнө байдаг нэг зайрантай уулзаж байсан байдаг. Багаасаа л найз нартайгаа сүнсний тухай, хий
үзэгдлийн тухай их ярьдаг, бас тийм ном олж уншдаг байж. Аав ээж маань “энэ
Гээгэл хоёрдугаар ангид байхдаа номын дэлгүүр хамтдаа ороод 9-10 ангийн Одон орны
сурах бичгийн ном авч өг гээд шалаад гуйгаад дэлгүүрээс гарч өгөхгүй их зовоосон”
гэж ярьдаг байж билээ.
Хүүхэд байхаас нэг л бодлын
учрыг олох гэхлээр хязгаар нь хязгааргүй болчихдог байсанг бас саналаа. Юу вэ
гэвээс, энэ байгаа бүхэн хаанаас үүссэн гэж?
Хүн , амьтан, ургамал, дэлхий өөрөө, шороо, ус, гал,.. гээд л үүсгэсэн
юмыг нь үүсгэж байгаа цаадын цаадах нь хаанаас үүссэн гэж? гээд баахан ургуулан
бодно, тэгээд цаашаа яваад л байна, энэ ертөнц худлаа ч юм шиг санагддаг
байлаа. Гэтэл бүх зүйл, сайн муу бүх зүйл “Алтан Амьд Судар”-т өгүүлснээр эх
үрэн холбоостой, хоорондоо уялдан сүлжигдэж,
зангидан оломлогддог учраас бие биенээсээ хамааралтай, нэгнээс нэг нь
үүсдэг, сайжирч мандан бадардаг боловч бас муудан уруудаж өмхийрч хөгзөрч үгүй болдог ч
байна, хачиг шиг улам газар авч бусдыг хорлон сүйтгэдэг ч байна.
Тэгээд өнөөдөр өдий наслахдаа ойлгож
чадахгүй байсан зүйлийнхээ үзүүрээс атгасандаа үнэхээр гялайж явна. Энэ бол
СҮНС бол МӨНХ, СҮНС бол БИЕТЭЙ, СҮНС бол ОЮУН УХААНТАЙ, тэр ч байтугай СҮНС идэж уудаг,
дайтаж ялдаг, ялагддаг, баярлаж гомддог, СҮНС бол ЭЗЭНТЭЙ гэх мэтээр сүнсний
тухай олныг үгүйлж чадахаар болжээ. Ямар сүнс Онгод, Тэнгэрүүд болдог, яагаад
хүн дахин дахин төрөөд байдаг, ямар сүнс нь ХАР СҮНС болж Тамын үйлийг
гүйцэтгэдэг, тамд тамлагддаг, яагаад хүн гэгч амьтан сайнтай муутай байдаг, яагаад
диваажингийн, хүний, тамын ертөнц гэж
ерөнхийд нь тоймлон хуваадаг, бүх шашин энэхүү гурван ертөнцийн тухай номлодог гээд л
нөгөө ДАЛД ертөнцийн талаар огт мэддэггүй зүйлээ, БИЛЭГ Ухааны талаар ухаж
ойлгож чадаагүй зүйлээ, Монгол өвөг Дээдүүдийн барагдашгүй арвин СУУ УХААНаас,
мөн АЯНГАТ УДГАНТАЙ танилцаж, харьцаж, энэ
эрхэм, эгэлгүй нэгэн эмэгтэйгийн бүтээсэн, бүтээж буй аугаа үйлээс уншиж,
чихээр сонсож, нүдээр харж, сэтгэл зүрхээрээ мэдэрч чадсан хэдхэн сарын хугацааны
түүхийг энд өгүүлэх гэж байна.
Нэг. Энэ түүх эхлэхийн өмнөх үе
1.
Дээр дурьдсан удгантай уулзаж онгодтой нь золгож явах үедээ
Чингис хааны дэлхийн академаас Хар хорины хаяанд 2010 оны 9-р сарын 22-ны өдөр
зохион байгуулсан “язгуурын тахилга” гэгчид 2 найзтайгаа санаандгүй очиж галын
тахилга гэдгийг анх удаа харж билээ. Мэдээж сонин хачин, сайхан зүйлс их байсан
боловч үнэн худал, зөв бурууг ялгаж чадалгүй өнгөрсөн бөгөөд миний хувьд гал,
тахилга тайлга зэргийг уншиж сонирхох, судлах нэг сэжүүр нь болсон юм.
2.
Өөрийн өдрийн тэмдэглэлээс харахад 2011 оны 1-р сарын 2-ны
өдөр ном бичих санаа төрж, тэр нь юуны тухай, яагаад гэсэн асуулт руу өөрийн
эрхгүй орсоор уг ном Их Эзэн Хааны тухай бичих эцсийн дүнд хүрч билээ. Урьд нь
хэн ч бичээгүй тийм л нэгэн сэдэв байх ёстой, гэхдээ дэлхий дээрх олон зохиолч
түүхчид хааны маань тухай буруу зөрүү бичсэнийг юуны урьд засаж залруулах, үүнийг
ойлгуулахын тулд нэг “хаалга” байх ёстой байлаа. Энэ хаалга нь дэлхийн алдарт зөнчдийн хэлснийг үндэслэн Их
Эзэн Хаан Эх дэлхийдээ иргэн ирснийг нотлох нотолгоо байх байлаа. Ийнхүү би ном бичих төлөвлөгөөгөө 2011 оны 3-р
сарын 1-ний өдөр гаргаж, олон төрлийн ном уншиж судалж, Их Эзэн Хааныхаа тухай,
байлдан дагууллынх нь шалтгааныг судлан гаргаж, бичсээр дараагийн том бүлэг
рүүгээ орсон юм. 3-р сарын 7-ны өдөр
номоо “Их Эзэн Чингис Хаан эх дэлхийдээ эргэж ирсэн нь” гэж нэрлэхээр болсон
байв. Их Эзэн Хаанаа хэрхэн эх дэлхийдээ эргэн ирсэн гэдгийг нотлох бүхий л
сувгийг хайлаа.
3.
6-р сарын эхээр “Алтан дээд үнэний аялгуу” гэсэн ном
байгааг мэдэж номын дэлгүүрүүдээр явж хайсан боловч олсонгүй, харин Д.Алтантуяагийн
“Монголын нууц товчооны нууцуудаас”,
Б.Хүрэлтогоогийн “Чингис хааны Алтан аялгуун нууц” гэсэн номнуудын 6-р сарын 13-нд
олж авч шимтэн уншлаа. Заримыг нь ч сайн ойлгосонгүй, ялангуяа сүүлийн номны
үг, өгүүлбэр цаанаа л ёстой нууцлагдмал агуу санагдлаа. Ямартаа ч Ж.Нүрзэд
гэдэг хүний бичсэн номнууд байгааг, Сорхагтани бэхи хатны өвөг монгол хэл дээр үлдээсэн гайхамшигт бүтээлийг Ж. Нүрзэд гуай тархи
оюунаараа тээж орчин үеийн монгол хэл дээр хөрвүүлэн гаргасныг мэдэж авсан юм. Ийнхүү
би Алтан Судрыг хайх ажлыг эхлүүлж билээ. Хайснаа ч олсон, бичиж буй номын
маань цоож нь Сорхагтани бэхи хатны “тархи” оюунаар үлдээсэн аугаа “СУДАР” мөн
байна гэж сэтгэн,
-Францын алдарт
зөнч Мишель Де Нострадамус\1503-1566 он\-ын айлдсан:
“Нэгэн мянган есөн зуун ерэн есөн он, долдугаар сар
Ниргэлгийн их хаан
тэнгэрээс заларч
Англомусын их хааныг дахин
заяалагмой
Анхнаас ч, хожим нь ч, олзтой Далх засагламуй” зөгнөл,
-Болгарын алдарт зөнч Ванга (Вангалия Пандева)
\1911-1996 он\-гийн
“Тэнгэрээс
нэгэн чулуу унаж, тэр чулуунаас нэгэн ном гарснаар хүн төрөлхтөн шинэ мянганд
түүгээр замнах болно” гэсэн
зөгнөлийг тус тус үндэслэл болгон Их
Эзэн Хаан маань эх дэлхийдээ эргэн ирсэн гэж нотлохыг оролдон бичсэн л дээ. Ийнхүү
2011 оны 7-р сарын дунд хүртэл номоо бичсэн боловч дахин үргэлжлүүлж чадалгүй орхисон
нь цаанаасаа учиртай байсныг яаж мэдэхэв дээ.
4. 2010 оны намар, 2011 оны 7-р
сарын сүүлээр би дүү нартайгаа хамт өвөг буурлуудынхаа нутаг-өмнийн цэнхэр
говийн хангай болсон Говь гурван сайхан уулынхаа Баруун сайхан ууланд очиж хайрханы
тахилга, лусын тахилга, галын тахилга хийж, шүтэж биширч явсан маань бас
цаанаасаа учиртай байсан юм билээ. Нөгөө удган охин, түүний хамтрагч зайрны
буурлуудын хэлснээр манай өвөг буурлууд тэнгэртээ их өндөр дээд суудалтай
гэдгийг анхнаасаа сонссон боловч нарийн утга учрыг бас ойлгоогүй явсан байдаг
юм.
5. Хааяа маш сонирхолтой зүүд
зүүдэлж, тэмдэглэж авснаа толилуулъя. Тухайлбал:
2012\VI\20. Зүүд боловч бодитойгоор харлаа. “Үүрээр гурван өнгийн гэрэл\хөх, шар, цагаан\
миний дээр тусаж гийгүүлсэн. Юу билээ гээд нүдээ дахин нээж, аниж гурван удаа харахад
гэрлүүд яг толгой дээр тусаж байлаа. Гайхмаар Тэнгэрийн гол гурван гэрлүүд
надад ирлээ” гэжээ.
2012\VIII\3. Үүрээр сайхан
зүүдэллээ. “Тэнгэрт эхлээд 2 шувуу \нэг
нь хангарьд\-ны дүрс үзэгдэж дэргэдэх хүмүүст хэлтэл дүрс алга болж оронд нь Их
Эзэн Чингис хааны дүрс тодрон харагдав. Төдхөн бас алга болов. Маш тод харж
чадлаа. Гэнэт шувууд бөөнөөрөө ирж буув. Дунд нь гайхамшигт тогос шувуу байхыг
хараад гараа тостол миний гар дээр суув. Бүр сэтгэл уярч татагдлаа” гэжээ.
2012\VII\11. Үүрээр 2 гарын булчингийн хэсэг, VII\24-ний үүрээр 2 гарын шуунаас урагш, хуруунууд, алганы ар
хэсгээр маш ихээр загатнаж сэрсэн талаар тэмдэглэсэн байв.
Хоёр. Аянгат Удгантай танилцсан сонин сайхан учрал
1.
Компьютер
дээр ажиллах болгондоо цахим хуудаснаас заавал бөөгийн тухай, далд ертөнцийн
тухай гаргаж завсар зайгаар нь уншдаг байв. Нэгэн өдөр, энэ бол 2011 оны 11-р
сарын 5-ны өдөр байсан юм, яаж мартах билээ. Бөөгийн блогт нэгэн гайхамшигтай 4
мөртүүд байхыг олж хараад дахин дахин унштал Их Эзэн Хааны айлдвар байлаа. Юу
билээ, хаанаас бүрэн эхээр нь унших билээ гэтэл доор нь Аянгат Удганы блогийн
хаягийг үлдээсэн байв. Ингээд л би
блогийг нээж уншсан даа. Орой байсан. Эхлээд би “ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР” нэртэй
номыг уншлаа. Шөнөжингөө уншиж дуусгасан юм. Үнэхээр хагассалж уншаад унтах
тийм сэтгэл төрөөгүй бөгөөд угаасаа дараа дараагийн хуудсанд юу байгаа бол
гэсэн сонирхол давамгайлж нойр гэгчийг мартсан байсан шүү, хэхэхэ. Өрөөнийхөө
хаалгыг хаачихаад тачигнатлаа инээсэн дээ, ойрын хэдэн жил инээгүйгүйгээрээ
инээж, хөөрч баярласан юм даг. “Үнэндээ дотроосоо гэрэлтэх шиг болсон шдээ,
Ямар сайхан юм бэ? Ямар дайчин эмэгтэй вэ? гэж бахархсан” гэх зэргээр цахим
захидалдаа бичсэн байдаг юм. Ингээд энэ
сайхан, энгийн бөгөөд билэг ухаан нь хэтийдсэн Аянгат Удгантай уулзах юмсан
гэсэн хүсэл шууд төрж, хаанаас яаж олох тухай бодчихоод үүрээр багахан унтав. Маргааш
өглөө нь Гал Үндэстэн холбооныхны утсыг лавлахаас аваад утастаж гарлаа. Арай гэж Мөнхбаяр гуайтай ярьтал “Аянгат
удган гадаадад байгаа, мөд ирэхгүй байхаа, би нэг хүнээс асууж өгье” гэсэн мэдээлэл
авлаа. Тэгээд Мөнхгэрэл гэдэг хүний хаягийг олж мэйл бичив.
Тэр өдөртөө Аянгат Удганы мэйл хаягийг өгч би гэгч хүн сэтгэл хөдлөн
Аянгат Удгандаа цахим захидал бичсэн дээ.
Бас нэг чухал зүйл бол би нөгөө бичиж байгаад орхисон
номынхоо гол зүйлийг олж авсан, хайж байсан нотолгоо минь бодитойгоор байж
байсан явдал байлаа. Их Эзэн Хаан маань эх
Дэлхийдээ, эх нутагтаа аль хэзээнээ хий бие, хийсгэлэн дүрээрээ бууж
ирээд ТНГР-ийнхээ үйлийг эхлүүлчихсэн байхад би гэж өчүүхэн хүн юу ч мэдээгүй
явж байсан байдаг. Найман сард зүүдээр минь орж мэдрүүлсэн байхад ч ойлгох
сэхээрэлгүй явсан, дараа нь бас хоёр удаа зүүдэнд зарлиг буулгасан байдаг юм.
Нэг удаад “ долларын ханшийг 100 төгрөгт барь” гэж, нэг удаадаа “хатдын үнэн
түүхийг бич” гэснийг тэмдэглэж авсан байв.
“Хатад”-ын түүх бол тэр чигээрээ балархай зүйл болон
үлдсэн шүү дээ. Гэтэл “Хаад”-ын, хамгаас
үнэн зөв байх боломжтой байсан Их Эзэн Хааны түүх, Их Монголын Эзэнт Гүрний
түүхийг ч хэрхэн гуйвуулж бичсэн нь одоо улам л тодорхой болсоор байна.
2.
2011 оны
11-р сарын 7-ны өдөр Аянгат Удганд анхны мэйл-цахим захидлаа бичиж аугаа энэ эмэгтэй
намайг тоож харьцах болов уу гэж амьхандаа эмээж, байн байн хариу ирсэн эсэхийг
шалгаж байтал хоёр цагийн дараа хариу ирсэн байв. Сэтгэл догдлон уншиж,
баярласан гэж чигтэйхэн. Энэ захидлынхаа эхний хэдхэн мөрийг харуулбал: “Амар
амгалан байна уу? Их сайхан бэлэг дэмбэрэлтэй сайхан учрал тохиолоо. Би дөнгөж
сая буугаад Улегбек хаан орж ирж, Гэгээнээтэйгээ тоглож байгаад, баахан дуулж
байгаад, тэгээд бас хэвтэж амарч байгаад үдэлсэн бөгөөд намайг захиагаа нээж
үзээрэй гэсэн юм. Нээгээд хамгийн анх таны захиаг уншлаа. Маш их гайхлаа. Өмнө
нь хүмүүс дандаа л Чингис хааныг асуудаг байтал та миний гол онгод болох Төмөр
хаан, Улегбек хааны тухай бичсэн байлаа. Их сонин сайхан тохиол байнаа... Төмөр
хаан, Улегбекийн онгод Узбекстанд
буугаагүй нь сонин байгаа биз дээ. Тэд монгол цустай хүмүүс. Тэдний тухай
баримтат түүхүүдийг та Монголчуудад бас сайн хэлж өгөөрэй... Чингисийн групп
нэртэй групп бий, тэнд маш олон сайхан залуус бий. Тэдэнд зааж зөвлөж, бас
санаа бодлоо хуваалцаж, залж залруулж өгвөл Тэнгэрийн үйлст их туслах болно. ... Та миний номыг хаанаас олж аваа вэ?” гэсэн
байлаа. Би Узбекстаны нийслэл Ташкент хотын Улсын Их Сургуулийг ЗХУ гэж байхад
төгссөн бөгөөд нэгхэн сарын өмнө найз нартайгаа Ташкент, Самарканд хотуудаар
зочилж, оюутан байх үеийнхээсээ хэд дахин илүү сайхныг мэдэрч ирснээ захиандаа
бичиж зурагтай нь явуулсан байсан юм.
Хариу захиа бичих гээд эхэлж байтал Аянгат Удганаас дахин
захиа ирлээ. Уншаад сууж байтал бас нэг захиа ирэв. Түүндээ “Бас
нэг сонин юм нь таны нэр бас Наран Гэрэл байдаг нь ямар хачин юм бэ? Миний
сүүлийн үеийн бүх холбогдож байгаа дийлэнх нь иймэрхүү гэрэл, туяа, нар, шашны
холбогдолтой нэртэй байгаа юм даа. Миний бөө болохоос өмнөх найзууд
дандаа туяа, гэрэл, нар, энхтэй байсан юм. одоо бас л ийм нэртэй хүмүүс л
цувраад байх юм. Мөнхгэрэл ч бас тохиолдлын биш нэртэй гэж Хаан Нарны гэрлийг
харуулан тайлбарлаж байсан. Одоо манай Чингис группынхэн нарны зургийг л Тэнгэр
Монгол Газар гэж хэлээд л авч өгч байгаа...” гэсэн байлаа. Бас нэг захианд нь “...намайг
цаанаасаа учиртай
хүмүүстэйгээ л учирна гэсэн болохоор та бид холбогдож байгаа байхоо. Угаасаа
Дээд Тэнгэрийн хамаг хүүхдүүд одоо цуглаж нэгдээд байгаа юм. Бүгд удам өндөртэй.
Хийх үйлс нь тодорхой..” гэжээ. Ийнхүү
эхний танилцсан тэр өдөрт бидний хооронд 5 захидал урссан байдаг юм. Зөвхөн энэ 11-р сард нийтдээ 34 захидал
бичилцсэн байх юм.
Өнөөг хүртэлх нийт захидлыг тоолж үзвэл
нэлээд их тоо гарна. Би Аянгат Удгандаа
амалсныхаа дагуу Төмөр хааныхны үе дамжсан түүхийн талаар “Аянга Удганы гол онгодын хоёр нь буюу монголчуудтай
холбоотой дэлхийн түүх” нэртэй
багахан түүхийг нэгтгэн бичиж Гэрлийн өргөөнийхөө цахим хуудсанд оруулсан бий.
Аянга Удганд бичсэн, Удганаас хүлээн
авсан энэ олон захидал бол миний Гэрлийн Өргөөнд нэгдэн орсон, олон сайхан
танилуудтай болсон, Сорхагтани бэх хатны үлдээсэн “Алтан Дээд ГэрИЭ”, “Алтан
Дээд Үнэний Аялгуу” зэрэг гайхамшигт Монгол өвөг Дээдсийн суу ухааныг шингээсэн
Алтан Судруудтай танилцах, ойлгох, гэгээрэх, Улаач болсон талаарх бүхэл бүтэн
нэг жилийн түүхийг нарийвчлан бичсэн тэмдэглэл байлаа. Гэтэл энэ түүхээ одоо тайлбартай
нь бичих аваас нэгэн ном болох тул би
сар өдөртэй нь товчоолон бичсэн нь илүү зохимжтой гэж үзлээ.
2011\11\09.
Аянгат Удганы хэлснээр Мөнхгэрэлтэй уулзаж Удганы бичсэн “Тэнгэр Монгол Газар”
номыг хүлээн авлаа. Мөнхгэрэлтэй хуучны танил мэт Аянгат Удганы талаар, Их Эзэн
Хаан хий бие, хийсгэлэн дүрээрээ эх дэлхийдээ эргэн ирсэн талаар, бөөгийн талаар,
1000 онгодын чуулганы талаар, хэрхэн энэ бүгдийг хүмүүст хүргэх талаар их л
олон зүйлийг гурван цаг орчим ярилцаж
хөөрөлдөж билээ.
2011\11\07.
Чингисийн Монгол групп \энэ группийн нэрийг төдөлгүй Гэрлийн Өргөө гэж
нэрлэсэн билээ\-д нэгдэн оров. Алтан судрын баг байгуулж ахлагчаар нь
ажиллахаар боллоо. Чингисийн Монгол группийнхээ “Фээсбуук” цахим хуудсанд
“Алтан судар” болон “Зөвхөн Зураг” гэсэн дэд хэсэг байгуулах саналыг Мөнхгэрэл даргад оруулснаар
ийм дэд хэсгүүдтэй болж байсан бол өнөөдөр гэхэд манай Гэрлийн Өргөө 42 дэд хэсэгтэйгээр үйл
ажиллагаагаа явуулж байна.
2011\11\15-20. ОХУ
ажлаар явахдаа Их Эзэн Хааны “Тэнгэрийн гэрэл” айлдварыг цээжилсэн юм.
2011\11\23. Гэрлийн Өргөөнийхөө цахим хуудсанд Их Эзэн
Хааныхаа айлдварын дагуу монгол ардын аман зохиол, уртын, ардын дуу болон бусад
олон сайхан сан хөмрөг өвд үлдээж өгсөн тэр л нууц бүхнийг тайлах, ойлгох,
сэхээрэх үүднээс залуусын дунд бяцхан уралдаан зарлаж “Хилин
галзуу баатар” хэмээх туульсыг номноос хуулан бичиж оруулав.
2011\11\24. Ж. Нүрзэд
агсны орчин цагийн монгол хэл дээр хөрвүүлэн бүтээсэн Сорхагтан бэхи хатны бичсэн
“ХӨХ МОНГОЛ-ыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГЭР ИЭ” номын
талаар “Амьд Судрын тухай” гэсэн нэртэй өгүүлэл бичиж Гэрлийн Өргөөнийхөө цахим
хуудсанд тавьлаа.
2011\11\25. Аянгат Удганаас “за амар амгалан уу? Хэрэв
хүсвэл 10 орчим хүн өөрийн гэрийнхэн юм уу, найз нөхөдтэйгөө цугларвал нетээр
засал хийж Тэнгэрийг мэдүүлж болно хэмээн Хаан хэлэв. Танд ихэд гялайн их
дайчин зоримог хүн байна, засал хийж шагнана гэсэн шүү” гэсэн захиа ирэв. Маш
ихээр баярлан хүлээн авсан юм.
2011\11\27.
Дүү нараа хүүхдүүдтэй нь дуудан 13 хүн, дүү Тунгаагийнхаа ажил дээр
цугларан маш сонирхолтой засал хийлгэлээ. Аянгат Удган манай удмын унтсан Онгодуудыг
сэрээж өгсөн нь энэүү заслын оргил үйл нь байлаа. Хаан “та нар Тэнгэрийн Шар Гэрлийн
Хааны хүүхдүүд билээ” гэв. Учрыг нь ойлгосонгүй, Аянгат Удган маань ч заслын
дараа “хээе, бас Тэнгэрийн Шар Гэрлийн Хаан гэж байдаг юм байна” гэв.
2011\11\29. Гэрлийн Өргөөний 5 залуусын хамт Аянгат
Удганы багш Өлзийхутагт зайрангийнд очиж баахан сургаал сонсож “өөрийгөө тань”
гэсэн гол үгтэй буцаж ирж билээ.
2011\12\09. Баяр-Оч, Гансүх бид 3 удам судраа тогтоох,
улаач эсэхээ шинжүүлэхээр Хархай Суурь жанжины улаач-зайрангийнд очлоо. Оронгуут
л намайг “та удган уу” гэлээ. Би биш ээ л гэв. Юун удган, хэн болохоо ч
мэдэлгүй, яагаад ингээд яваад байгаагаа ч мэдэлгүй, Аянгат Удганы очиж
уулзаатах гэсэн хүмүүстэй уулзаж яваа нь
энэ. Цаг гаруй бидэнтэй ярилцаж суусны эцэст буурлаа буулгахаар боллоо. Сугар
өвөөгөө буулгалаа. Ер нь бол миний урьд нь үзэж байгаагүй тийм л сүртэй буулт
байв. Бид гурвуулаа өмнө нь сөгдөн суугаад нөгөө 2 маань эхэлж асууж ярилцсаны
эцэст би золголоо. Шууд л “нүд хөмсөг болсон, өндөр хамартай, сахал самбай
болсон, мөрөө дарсан урт үстэй юм байна” гэлээ, Би гайхаад манай буурал л тийм
хүн байх даа гэж бодоод, “манайхныхаас хэн нь буурал дээдсүүдээ буулгах хүн нь
юм болоо?” гээд асуучихав. Сугар өвөө хуруугаараа хэнгэрэгээ аяархан цохиж
байснаа “бүсгүй та өөрийгөө юу гэж бодном” гэв. Би “өө, буурлууд маань манайхны
нэг хүүхэд дээр буувал би түшээг нь хийнэ л гэж бодож байнаа” гэлээ. Тэрээр
“бүсгүй та буурал дээдсүүдээ өөрөө залаад өвлүүлэн үлдээх чадалтай хүн байнаа”
л гэв. Би баахан гайхаж, алмайрч байснаа “таны улаачид шавь орж болохсон болов
уу” гэлээ. “Шавь багш гэдэг нь шар хувалзынханд хэрэглэгддэг
үгс. Угаа залаалах, уг холбох гэх мэтээр ярьж заншсан даа, манай улаач нь уг
залаалах үйлийг хийх хугацаа нь арайхан болоогүй байна” гэв. Хамгийн
сонирхолтой, хамгийн эргэлзээтэй, хамгийн чухал зүйл нь би өөрөө буурал
дээдсүүдээ өөр дээрээ буулгах, улаач болох хүн юм байна гэдгийг анх удаа Онгодоос
сонссон явдал байлаа. Урьд нь очдог байсан удган “танай дээдсүүд өндөр
дээд суудалтай”, “аав ээжийнхээ нутгийн шүтэж дээдэлдэг байсан хайрхандаа очиж
гурван удаагаа тахилгаа өргөсний дараа улаач нь хэн болохыг хэлнэ ээ” гээд
байснаас тодорхой зүйлийг огт хэлж өгөөгүй байлаа. Ингээд улам л сонирхол
татсан явдлууд ар араасаа ундарсан даа.
Аянгат Удган
маань ч анх танилцахдаа Мөнхгэрэлд наад хүн чинь алтан ургийн удмын хүн байгаа
юм гэж хэлсэн байдаг. Би ч энэ талаар ойлголт муу байсан болохоор алтан
ургийнхан гэж чухам ямар хүмүүс байдаг талаар асууж мэдэж авч билээ. Хамгийн
гол нь алтан ургийнханд яс цусны нэгдлийн зэрэгцээ мэдлэг оюун, чин зоригт шударга үйлээрээ монголынхоо төлөө, монгол суу ухааныг өвлүүлэн
үлдээх чадвар бүхий, моногоуул тулгуур гурван онолыг
ягштал баримталдаг хүмүүсийн нэгдэл байсан гэдгийг ойлгож авсан юм.
Буурал дээд
өвгүүд маань ямар хүмүүс байсныг 2 үеэсээ цаашихыг огт мэдэхгүй надад удам
судраа мэдэх юмсан гэсэн шунал далдуур оволзож эхэлсэн юмдаг. Гэхдээ яаж, ямар
аргаар гэдэг нь сонин байлаа. Магадгүй энэ бол БӨӨ ЦЭЦЭН УХААН байх. Аянгат Удганы ном, блогийг шимтэн уншиж,
бөөгийн тухай гурван жил сонирхож явсан явдал ч цаанаасаа учиртай байсан биз
дээ.
Аянгат Удган
бидний талаар өөрөө сайн мэдэж байсан ч,
ойлголт муутай биднийг эргэлзэж юун магад хэмээн бие биенээ танихгүй, басхүү дадлага
туршлагатай тийм л удган зайран руу очих саналыг тавьж байсан юм. Бид өөрийн сэтгэлээрээ
тэр хүмүүстэй уулзсанаар заавал нэгэн сэжүүрийг олж, шинэ мэдээлэлтэй болж
байлаа.
Аянгат Удган
бидэнд сайхан зөвлөгөөг харамгүй өгсний ачаар манай Гэрлийн өргөөнийхөн маш хэцүү, харгуй замыг хөнгөхөн туулсан юм
даг.
2011\12\17. Би хэдэн залуусын хамт Аянгат Удганыхаа
зөвлөсний дагуу Налайх явж Сэлхэнцэг Удганыд очиж уулзлаа. Ээж нь гэх сайхан
буурал бидэнд байн байн цай чанаж өгч, идээгээр дайлж, басхүү зөндөөн хөөрөлдөн
суусан юм. Сэлхэнцэг удган, биднийг ямар ямар онгодууд хий биеэрээ дагаж явааг
хэлж, бид мэл гайхан биширсэн юмдаг. Надад “нүд хөмсөг болсон, харцаар нь
цэргүүд нь хөдөлдөг юм байна. Урт сахалтай, урт үстэй, үсээ хойноо сүлжсэн, ...
нэртэй баатар дагаж явна. Лусын тэддэх хатан, савдагийн тэд дэх ноён бас дагаж
явна...” гэх мэтээр хэллээ. Урьдах Сугар
өвөө-онгодын хэлсэнтэй яг таарч байсан болохоор итгэл сэтгэл минь илүүтэй
бэхжиж, би чинь улаач болох хүн мөн юм байна гэдгээ баттай мэдлээ. Үнэхээр бие биенээ
огт танихгүй бөө нар энэ талаар хэлсэн болохоор цаашид яах, юу хийх талаар бодох, сэтгэх шаардлагатай болсон юм
даа. Юуны түрүүнд гэрийнхэндээ мэдэгдэх,
тэднээс тус дэм авах, урд нь буруу бөөгөөр явсан, яаж буурлуудаа сэвтээсэн, даруулсан талаар ойлгож
мэдэж авсан болохоор маш зөв явах ч хэрэгтэй байлаа.
2011\12\26. Гэрлийн Өргөөнийхөн маань 2012 оноо угтах
баяр ёслолын үйлийг Хандгайтын аманд хийж, бас л сонин хачин явдлаар дүүрэн нэг
өдрийг өнгөрөөсөн билээ. Сэлхэнцэг удган гол үйлийг удирдсан бөгөөд “Их Эзэн
Хаан 9 өрлөг, 21 жанжидаа дагуулан ирсэн тухай, айлдсан айлварынх нь тухай, 21
жанжид бидний араар\гэрт бид бүгд тойрон зогссон байсан юм\ зогссон, манай буурал
дээдсүүд бүгд тахимдаад араар нь ёслон суусан байсан” талаар бидэнд хэлсэн нь бас гайхамшигтай байж билээ.
2012\01\05. Бидний 5 хүн Сэлхэнцэг Удганыд “угаа
гаргуулах “ үйлээ хийхээр очиж хонон өнжин байж буурлуудтай нь золгож, өөрсдийнхөө
буурал дээдсүүдийн талаар мэдээлэл авч, удган бидэнд хуяг дуулга, хэц эдлэл юу
байх ёстойг нэгд нэгэнгүй хэлж,
тайлбарлан зурж өгсөн нь бас л сонирхолтой сайхан байсан юм. Манай
буурал дээдсүүдээс гурван баатар, гурван хатан, хоёр удган, нэг зайран эхэлж хий бие хийсгэлэн дүрээрээ
буух талаар тодруулан хэлсэн нь бүр ч гайхалтай байлаа.
Сэтгэл
хөдлөн дүү нартаа хэл хүргэлээ. Тэгээд л хамгийн хэцүү асуудал үүссэн дээ.
Миний дүү нар хэзээ ч миний үгнээс зөрж байгаагүй улсууд. Гэтэл нэгээс бусад нь
итгэсэнгүй, гайхаад зөндөөн юм болов. Зарим нь энд тэндэхийн удган зайрангаас
асууж байж сүүлдээ итгэсэн байдаг. Асуусан
болгон нь наад хүн чинь бэлэн болчихсон байна, өвгөд буурлууд нь өндөр дээд
суудалтай гэж лав гурван бөө хэлсэн гэсэн. Эцэст нь итгэхгүй байгаа дүү нартаа
“заа яахав, та нар тэр удгантайгаа яв, би өөрийн буурал дээдэстэйгээ явна” гэж
хэлээд л өөрийнхөөрөө бүх зүйлээ бэлтгэж зохицуулсан даа.
Гурав. Улаач болсон түүх
Угаа
тодруулсны дараа угаа залаалах, Дээдэс буурлуудаа буулгах үйл маань 4-р сарын сүүлчээр
болох ёстой байсан учир нэг хэсэгтээ
тайван явлаа. Мэдээж хамгийн чухал бэлтгэл асуудлын нэг бол миний хувьд
буурлууддаа өргөө гэр барих явдал байв. Шууд л толгойд “сийлбэрэн гэр” гэж орж
ирсэн бөгөөд Жигжидэд байх зуслангийнхаа хашаанд буурлуудынхаа өргөөг барихаар
төлөвлөж, гэрээ хайгаад явж байтал манай хүргэн “танд Найрамдал зуслангийн
наана байгаа газраа бэлэглэе” гэлээ. Миний
буурлуудын өргөөтэй холбоотой асуудлууд шил шилээ даран шийдэгдэж цулгай нэгэн
газарт хашаа барих, гэрийн буурь засах,
гэрээ барих, үүдний пин барих, гэр доторх эдлэл хэрэглэлээ цуглуулах, худалдан
авах гээд бүх аж ахуйн асуудлыг хаваржингаа хийж гүйцэтгэсэн билээ.
2012\V\28. Буурлуудын маань тэргүүн, хуяг, гутал, эдлэл
хэрэглэл бүх зүйл бэлэн болж бидний 4
хүн \Мягаа, Нисдэг, Танхай бид\ гэр бүлийнхний хамт Сэлхэнцэг удган, Төрөө
зайран нарын удирдлагын дор хотоос зайдуу гарч буурлуудаа залаалан хүлээн авах үйлд
шамдан орцгоосон юм. Тэр үйлийг бүрэн
бичвэл нэлээд олон хуудас болох тул товчхон бичье ээ.
Манай
буурлуудыг бүрэнхийгээр бууна гэсэн учир орой нь Төрөө зайрангийн сайхан дэмээр хатдууд маань эхлэн бууж,
мэгштэлээ
уйлж, юм хэлж чадахгүй байлаа.
Дараа нь баатар бололтой онгод бууж, гараараа сэлмийг
харуулж буй дүр үзүүлэн, дуугарах гээд юм хэлж чадахгүй байв. Дараа
өдөр нь бид бүгдээрээ дахин
буурлуудаа буулгахад эхлээд толгой онго маань бууж сүр хүчийг үзүүлэн байж
ундаалга юугаа шимтэн ууж нэлээд догшин байтал Төрөө зайран
ирж золгоод газар усны тухай хэлсэн чинь буурал маань бухимдаад бөөн юм болов.
Зайрантан "та нар л одоо юм
хийхгүй бол болохгүй нь дээ”
гэсэн чинь шууд л гэнэт
сөөнгө эр хоолойгоор дуугарч “улаач нар нэгдэж байж л аугаа үйлийг
хийнэ. Энд тэнд нуугдаад, амиа хоохойлоод юугаа хийгээд байгаа юм” гээд л уйлаад байсан. Бас нэг
залуухан хатан буусан бөгөөд сууж
байгаа байдал, толгой, бие, гар хөлийн байрлал нь үнэхээр л хатан хүнийг
илэрхийлж байлаа, дээр нь өндөр оройтой, гоё малгайтай байснаа хөдөлгөөнөөр илэрхийлэв. Дараа нь
Төрөө зайран “маш
гоё малгай байна”
гэж байсан юм даг. Өө, тийм нэг бөгтөр нуруутай буурал буусан бөгөөд ихэд ангаж цангасан бололтой маш
их цай ууж билээ.
Би уг нь тэгтлээ уйлж унжаад байдаггүй хүн атал буурлуудаа
буулгах тоолондоо нус нулимсандаа хутгалдсан байдаг байлаа. Буурлуудаа
буулгах цаг нь аль хэдийнээ хэтэрч, ойлгож ухаарч чадалгүй мунхаглаж явснаас
болж буурлууд маань гомдолтой байсан байлгүй, нөгөө талаасаа баярлаж талархсаны
илэрхийлэл байсан биз дээ.
Тэр үед Сэлхэнцэг Удган манайхныг Их Эзэн Хаантай хатдуудаараа холбогддог гэсэн нь үнэхээр үнэн байж итгэхийн
аргагүй сонин явдлууд үргэлжилсээр өнөөг хүрсэн дээ.
Дөрөв. Аянгат Удгантай нүүр тулан
танилцсан минь
Би сардаа нэг удаа ОХУ явдаг ажилтай болохоор 2012 оны
4-р сард яваад ирэхэд Аянгат Удган маань Монголдоо ирчихсэн, Гэрлийн
Өргөөнийхөн Зүрх Хайрханы энгэрт Аянгат
Удгантай гэнэт уулзаж бөөн баяр болсон байлаа.
Удалгүй Гэрлийн Өргөөний ЗА-ынхан Аянгат Удгантай хийх
тусгай уулзалтыг тусгай гэрт зохион байгуулснаар бид уулзсан юм. Маш энгийн,
ярих бүртээ инээсэн, цаанаа л ойр дотно, ёстой сайхан эмэгтэй байлаа.
Энэ цагаас хойш миний амьдрал Аянгат Удгантай нягт
холбоотой болсон юм даа.
Бөө Сэцэн Сорхагтани Бэхи Хатны бидэнд үлдээсэн
гайхамшигт Алтан Судраас би салахаа байж, ойлгож, мэдэрч, сэхээрч өндийхийн
тулд сул цаг бүрийг энэ сударт зориулдаг болсон. 2012-02-16-ны өдөр “Алтан
Дээд, Амьд, Аугуу Аялгуу”, 2012-03-14-ний өдөр “Алтан Судар дахь Дэмийн тухай”
зэрэг сэдвээр өөрийн ойлгосон хэмжээнд багахан өгүүлэл бичиж, Гэрлийн
өргөөнийхөө ажлын цахим хуудсанд үлдээсэн
байгаа.
Хамгийн сонин зүйл бол Их Эзэн Хааны тухай бичиж эхлүүлсэн
нөгөө номоо нэг мөрөөр ч ахиулж чадалгүй өнөөг хүргэсэнд байлаа. Магадгүй тэр
бичиж эхэлсэн бүхэн учир дутагдалтай байсан байж, магадгүй удган болсны дараа
бичиж дүүргэх ёстой байсан байж, магадгүй манай Гэрлийн Өргөөнийхний маань
улаач бүрийн амьд үлгэр төгс эхэлж, төгс өрнөх ёстой байсан байж, Их Эзэн Хааны
маань түүх ҮНЭН зөвөөр Тэнгэрээс бууж ирсний дараа, магадгүй бидний Онгод
буурал Дээдсүүд маань Монгол СУУ Ухааныг судар судраар нь өгүүлж үлдээсний
дараа бичих байсан байх.
Аянгат Удганаар үйлээ заалган хамтран явах
хугацаанд Удган мөн л манай буурал Дээдсүүдээс нэг хатан нь Хааныхантай ураг
барилцаж байсан тухай хэлсэн нь Сэлхэнцэг удганы хэлсэнтэй таарч байлаа. Энэ
махан бие, тархиараа Далд Ертөнцийн гайхамшиг бүрийг ойлгоход үнэхээр хүнд
байсан ч миний төдийгүй ойр дотны олон хүмүүсийн амьдралд цоо шинэ үйл явдлууд,
цоо шинэ ухамсар, ойлголтууд бий болж байсан болохоор итгэж бишрэхээс өөр үггүй
байсан юм. Төдөлгүй миний онгод Дээдсүүдийн нэг хатан нь Их Эзэн Хааны хатан
мөн болох нь тодорч, бас нэг үйл явдал биднийг гайхшруулж орхисон юм. Миний бүх
Онгод Дээдсүүд өөр өөрийн онцлог үйлтэй, чадал чадвартай байгаа нь үнэхээр
бахархмаар.
Би төрийн
байгууллагад олон жил хуульч мэргэжлээр ажилласан боловч өнөөдөр Удган цолтой
БӨӨ болчихсон явахад зарим нэг нь гайхан хүлээн авч, зарим нэг нь ямар ч эргэлзээгүйгээр амжилт хүсч баяр хүргэж
байна.
Гэрлийн
Өргөөний олон хүмүүс Шинэ Эринийг эхлүүлэгч болж, Эх Дэлхийгээ аврахын тулд ГЭГЭЭРЛИЙН
үйлийг цоо шинэ өнцгөөс, цоо шинэ УХААНаар хийж эхэлсэн бөгөөд Монгол БӨӨ гэдэг
аугаа УХААНыг энэ цаг үедээ зохицуулан удамшил, уламжлалаа хадгалан шинэчилж,
үлдээж байгаа болохоор бидний үйл ариун цагаан зам мөртэй билээ.
Өнөөдөр
Гэрлийн Өргөөнийхөн Тэнгэр Эцгийн зарлигаар, Их Эзэн Хааны АУГАА айлдвар болон
бусад Онгод Буурал Дээдсүүдийн гайхамшигт айлтгал сургаалын ДЭМээр, Аянгат Удганы гайхамшигт АРГА БИЛЭГ чадвар,
мэдрэмжийн ачаар, Монгол СУУ УХААН-ыг жинхэнэ бодитойгоор Эх Дэлхийдээ буулган,
Судрын Дээд Судруудыг бүтээж байгаадаа баяртай байна.
Улаанбаатар
хот , 2012-11-06, 20:07
