2013/09/27

ОРОЛЦОО



ОРОЛЦОО

            Бид юуны тулд, яах гэж Дээдэс-Аянгат Удганы дор нэгдэн жагсаад 2 жил гаруйн хугацааг өнгөрөөж байгаа билээ.

Зүгээр нэг цагийг нөхцөөх гэж үү?
Зүгээр нэг уйдсан хүмүүс цугларч уйтгараа тайлах гэж үү?
Зүгээр нэг хийх юмгүй улсууд бөөгнөрч зугаацаж байгаа гэж үү?
Зүгээр нэг ажил төрөлгүй болоод илүүг хайж цуглараа юу?
Илүү ч үгүй, дутуу ч үгүй байж мөнгө үрэх гэж наадаа уу?
Ид шидэнд шунаж, илээч бариач болох гэж зорио уу?
Ихэрхэж гайхуулж,  сүр хүчийг харуулах гээ юу?
Ихэмсэг дүрээ мөнхжүүлж, хэн хүнээр шүтүүлэх гээ юу?
           
ҮГҮЙ ЭЭ. Бидний зорилго аугуу том
Хөрстийн шинэ эринийг манлайлагчид
Хөх Моногоуул Алтан Ургийнхны Тэнгэрлэг үйлсийг үргэлжлүүлэгчид
Хөлдүү толгойлж өмхийрсэн болгоныг сэхээрүүлэгчид
Хөмөрсөн тогоонд хөлчүүрхсэн  бүрийг гэгээрүүлэгчид...

Хэн нь зөвөөр ойлгохыг харж байна
Хэн нь зүггүй аашлахыг тандаж байна
Хэн нь залхууран хэвтэхийг үзэж байна
Хэн нь зориг тэвчээргүйг нь мэдэж байна

Хэн идэвх зүтгэлтэйг нь биширч байна
Хэн итгэл даахыг нь шинжиж байна
Хэн идэхээс цаашгүйг нь гайхаж байна
Хэн ичиж зовохгүйг нь хашрааж байна

Хэн хөгжин дэвшихийг нь сайшааж байна
Хэн хөглөн дээшлэхийг нь урамшуулж байна
Хэн хөөрч баясахыг нь дэмжиж байна
Хэн хүч, сэтгэлээ ҮНЭНчээр зориулахыг нь  талархаж байна

Улаач бүр өөр өөр, хүмүүжил боловсрол нь өөр, хойт урьдах нас нь ч өөр, нас сүүдэр нь ч өөр, намба төрх нь ч өөр, зоос хөрөнгө нь ч өөр,  зохиол тавилан нь ч өөр, хорлол жатганд өртсөн нь ч бий, ховс зүүлгэнд орсон нь ч бий,  аврал энэрэлд багтдаг нь ч бий, ачлал асралыг түгээдэг нь ч бий. Хажуу хавиргаас ажиглаад суугаа нь ч бий. Хар буруу санадаг нь ч бий.
Тийм болохоор бидний, улаач нарын Гэрлийн Өргөөний үйл ажиллагаанд, цаашилбал Тэнгэрийн үйлийг Дэлхийд гүйцэлдүүлэх оролцоо харилцан адилгүй байгаа нь тун ойлгомжтой.
Оролцоог жигдрүүлэх, идэвхжүүлэх, нэмэгдүүлэх зорилго байхаас ч өөр үггүй. Хэн хэрхэн оролцож буйг замбаараа дүгнэж дэнслэхээс ч өөр аргагүй.

Оролцоо гэж юу вэ?
Бидний оролцоо олон янз, идэвхтэй, идэвхгүй гэж ерөнхийд нь ангилж болох байх.
Улаач бүр хийх ёстойг биелүүлээд явдаг нэгэн жигд оролцоо байна. Гэхдээ хугацаанд нь уу? Бүрэн үү? гэдгээр дүгнэгддэг. Энэ бол “идэвхгүй”\зайлшгүй\ оролцоо. Улаач хүн тахилгад оролцох ёстой юу? Хэм төлөх ёстой юу?  Тахилгын үйлийн санд нэмэр болох ёстой гм тогтмол хийгдэж байх оролцоо.
Идэвхтэй оролцоо. Энэ бол улаач хүн өөрийнхөө сэтгэл, хүсэл, сонирхлын дагуу, бусдаас илүүтэй үйл  ажиллагаанд оролцож байгаа үйл. Бүх хүн улаачийн үйлээс гадна замбын ажилтай, хичээлтэй. Улаачийн үйлээ дагнаж буй цөөхөн хүн байдаг, тухайлбал залаалагч багш нар. Оролцооныхоо төлөө бид ямар ч цалин, хандив авдаггүй, тийм биз дээ.
Идэвхтэй үйлийн жишээг дурдъя. Тэнгэрхүү - ГӨ-г зохион байгуулаад, удирдаад, ТББ-г ажиллуулаад явж байна. Бага залуу хүн гэхэд хэзээ ч энэ үйлийн төлөө бэлэн байдаг хүн. Энэ бол том оролцоо. Одноо - ГӨ, УЗ-ийн бүх үйл ажиллагаанд цаггүй оролцдог, тахилга тайлгыг зохион байгуулах, удирдах, тэрч байтугай хорхог болсон ч би компаний захирал, би УЗ-ийн гишүүн гэж пээдийхгүйгээр тэр хорхогийг хүн бүрт хувааж аягалаад өгдөг биз дээ. Дээдсийн бүхий л ажилд нь хэзээ ч дэм тус болж явдаг хүн бол Одноо. Маш том оролцоо байгаа биз. Тэр бүх ажилд нь Д.Ариунаа байнга туслан оролцдог, бичих, бөглөх,тахилгын  олон үйлийн идээ будааг цуглуулах гм.
Дашрамд Дээдсийн тухай өчүүхэн. Аянгат Удганг үнэхээр гайхдаг. Буурлуудаа залаалчихаад хэдхэн сарын дараа Их хааныг буух тэр бүх бэлтгэл үйлийг бие дааж өөрөө хийж чадсан хүн. Их хааны айлтгалуудыг эргэн бүгдээрээ уншиж үзээрэй дээ. Гэтэл бид буурлуудаа залаалчихаад өдий болтол хэн буусныг ч, юу хэлэх гээд, ойлгуулах гээд байгааг мэдэхгүй, мэдрэхгүй яваад л байдаг. Ямар их ялгаа байна аа, та минь ээ. Маш богино хугацаанд ямар их үйлийг хийв. Үнэхээр л Хаан Дээдсийн улаач мөн гэхээс өөр юу гэх юм. Өөр олон жил болчихсон архаг зайран, удгадтай харьцуулж үзсэн ч ялгаагүй. Энэ хүний дэргэд хэдэн хором байхад л мэдрэгддэг. Байнга л тархи нь ажиллагаастай. Тэнгэрийн үйлийн тухай, газрын үйлийн тухай, ГӨ-ний бид бүхний тухай, яаж бүгдийг нь зүгшрүүлэх тухай гээд л унтсан ч ажиллагаатай байдаг тархи. Толгой 5 байтугай 9 судрыг гаргачихлаа. Бөөгийн товчоо гээд номоо биччихлээ. Монголын шинэ нууц товчоо номоо эхлүүлчихлээ. Бидний дундаас хэн ингэж ажилласан юм??? Бүгд харьцуул л даа. Энэ эмэгтэйг хайрлахаас өөр үггүй байна. Бидэнтэй адилхан махан биетэй, цусан судастай, ясан цогцтой хүн биз дээ. Гэтэл бид энэ хүнээс л юм нэхээд сууж байдаг, юу хэлэх бол, юу гарах бол гээд хүлээгээд байж байдаг. Хүн бүрт яаж хүрэх юм. Ядаж өрлөг, хатад, жанжид, мөргүний улаач нар мундаг болчих хэрэгтэй байдаг, тэгвэл тэд бусдыгаа дагуулаад, чирээд явчихна. Бид улам л олон олно. Энд одоо байгаа 100 улаач нар цаашдаа нэг нэг аравт толгойлохоор бэлтгэгдэж байгаа. Сайнууд нь зуутын захирагч нар болно. Бид 1000-уулаа бөө нэгэн сэтгэхүйтэй болж байж ЭХ орноо бүрэн засч чадах тухай Алтан сударт зааж, зөгнөн хэлсэн буй.
Дээдэс маань зүгээр  ч үгүй  хэдэн өрлөг, хатад, жанжид, мөргүдийн хэдэн улаачдыг эрхлүүлээд байгаа юм биш шүү дээ. Энэ бол аугуу Моноогоуул хөх нуруутныхны гаргаж өвлүүлсэн аравт, зуутын системийг хэрэгжүүлэх анхны бас нэгэн алхамууд гэж ойлгож байна. Энэ бол өрлөг, хатад, мөргүд, жанждын улаач нар бусдаас хавьгүй илүү их, өндөр үүрэг, хариуцлагатайг, түүнийг нь мэдүүлэх, хэрэгжүүлэх их үйлс өрнөж байна. Үүнийг бусад Дээдийн дээд буурлуудын улаач нар болох энэ 100 улаач нар зөв ойлгох ёстойг хэлэх гэсэн юм. Өөрсдийн Дээд онгодуудынхаа үйлийг хийж чадахгүй аваас өөр хэд хэдэн улаач нар Тэнгэрийн зарлигаар бэлтгэгдсэн байдгийг Аянгат Удган маань бидэнд анхааруулж байна. Тухайлбал, Дээд хатны улаач үйлээ хийхгүй цаг алдах аваас бэлтгэгдсэн өөр удган тэр үйлийг нь удмын биш ч, Тэнгэрийн зарлигаар гүйцэлдүүлэх болно гэв. Энэ 100 улаачдын хувьд ч адилхан гэсэн шүү үү.
Тэгэхлээр Тэнгэрийн энэхүү аугаа үйлсэд Аянгат Удганы маань оролцоо, тэсвэр тэвчээр, ур ухаан, ур дүй асар их байгааг хэдхэн өгүүлбэрээр бичихийг оролдлоо. Магтах бол үнэхээр багадана даа. Үеэл нь болох Өлзий  ил гарах үедээ ил гарч, далд ор гэвэл далд орж Дээдсийн бүхий л үйлд нь дэм болж байгаа нь бас том оролцоо. Дүүрэнгийн оролцоо ч цаанаасаа бэлтгэгдсэн хүн гэлтэй. Дээдсийн бичсэн судруудад биечлэн оролцсон Утаа, Сансраа, Анугийн илүүтэй оролцоог тэмдэглэн бичье.
Онгод залаалагч багш нарын маань \Сэлхэнцэг удган, Хурцаа зайран\ оролцоо жин нэлээд дарна. Саяын цагаан сарын үеэр Дээдэс залаалагч нарт “босгосон улаач нартаа дэг жаягийг сайтар ойлгуулах, улаач нарыг бөө болгоход сургах тал дээр илүүтэй анхаарах”-ыг үүрэг болгосон байгаа. Хар соно зайрангийн хийсэн олон олон чухал үйлүүд бол том оролцоо.
Тахилга бүрийн замын хөтөч, тахилга бүрийн Дээдсийн хэлмэрч болсон, бид бүхэнд сурах ёстой дуу аялгууг заадаг Дууны багшийн оролцоо, цагт хэдэн саяар үнэлэгдэх байрыг гарган гэрэлтүүлэг, дуу авианы төхөөрөмжөөр ханган зохион байгуулдаг, тахилга болгонд хандив өргөдөг Багаа, Аня 2-ын оролцоог идэвхт л гэнэ. Аливаа үйл ажиллааны байр, газрыг олох, гаргахад биечлэн оролцож байсан Мягаа эмч, Гоогол, Нүдэн гм улаач нар бас байна. Жавхлант хайрханы маш чухал тахилгыг зохион байгуулсан Баясаагийн оролцоо байна.
Үүрэг даалгаврыг цагт нь ёсчлон биелүүлдэг улаач нарын оролцоог үнэлэх л ёстой. Дээдсээс өгсөн блогоо бичих үүргийг амжилттай хэрэгжүүлэгч Ану, Гансүх, Мөнхбат, Барсаа, Шүрээ гм улаачид байна. ГӨ-ний ажлын оффисыг ажиллуулах, хүн амьтан орох гарахад нь зохицуулах, аяга сав, өрөөг нь цэвэр цэмцгэр байлгахад Шүрээ, Аби Үжийн байнгын оролцоог хэлэх л ёстой. Хэдэн хүн цуглуулан тэдний мэдлэгийг дээшлүүлэх гэж хичээл заах, номын өдрийг зохион байгуулах, Алтан судрын хэлэлцүүлэг хийх зэрэг  Гаамаа эгч, Хишгээ, Наранханд нарын үйлийг идэвхт оролцоо гэхээс өөр яахав.
Тахилга болгонд тавгийн идээ, шүүс бэлтгэн оролцсон, улаачдыг хооллосон тэр эрхэм сайхан сэтгэлтэй хүмүүс \Гоогол, Гүүгэл, Цэцгээ гм олон хүн бий дээ, өршөөгөөрэй, бүх нэрийг нь сайн мэдэхгүй байна\ бүгд л идэвхтэй оролцогчдын эзэд. Ажилгүй 3 улаачийг ажлын байраар хангасан Ганхөлөгийн оролцоог ч хэлье.
Өөрөөсөө мөнгө гарган уламжлалт тоглоомоо хөгжүүлэхэд сэтгэл, цаг гаргасан, бүгдэд бэлэглэсэн шагайн уутыг нь оёсон... Одгэрэл, Дээгий 2-ын оролцоо. Дээдсийн бичсэн судруудыг ном болгоход оролцсон бүх улаач нар, зохион байгуулсан Бон бон, хянасан Томоо, Өлзий хутаг, Мандахнар, бусад хүмүүс,  үндсэн тахилгуудыг зохион байгуулахад гар бие оролцсон бүх хүмүүс идэвхтэй оролцогчид. Тахилгын цувааны толгой, түгжигч\Мягаа, Амраа\ нар ч бас мөн. ГӨ ажлын байргүй байхад өөрийн ажил дээрээ цугларах боломж олгож байсан Памбагарын оролцоо ч бий. Тахилгын болон бусад үеэр хэн боловчид тус дэм болж гүйж байдаг залуус ч идэвхтнүүд мөн. Хорхог хийгээд зогсож байдаг Содоо, Дүүрэн, Мөнх-Од... нар ч сэтгэлээрээ бусдад дэм болж байгаа бус уу. ГӨ-ний үйл ажиллагаанд боломж чадамжийнхаа хэрээр илүү мөнгө гарган хандив өргөдөг бизнесмен, захирлуудын оролцоо ч энд тооцогдоно. Залуу улаачдад байнга дэмтэй байдаг Сондор улаачийн сэтгэл идэвх байна.
Гэвчиг, дээр дурдсан идэвхт оролцоо нийт улаачдын хэдхэн хувийг л эзэлнэ байх. Тэгээд, улаач ТА юунд оролцсоноо дүгнээд нэг үзээрэй.
Оролцоо заавал мөнгөн хэлбэрээр байх шаардлагагүй шүү дээ. Чаддаг чаддагаараа, сэтгэлээрээ байх ёстой, хэний ч шахалт дарамтгүйгээр л энэ Тэнгэрийн зарлигтай аугуу үйлсэд бүх улаач нар байнга идэвхтэй оролцож байвал бидний үйл хэрэг амжилттай, хурдтай, цэгцтэй, үр нөлөөтэй болно.
Бүхий л оролцоогоо эгнэгт нэмэгдүүлье
Бүрэн сэтгэлээ Тэнгэртээ ёсчлон өргөе
Булт олноороо сэхээрэн гэгээрье
Бум түмээрээ нэгдэн оройлъё


ГийгЭЛ удган 
\зарим хүмүүсийн нэрсийг оруулж чадаагүй бол комментээр үлдээгээрэй\                                                                  

Бямба, 2013 оны 9 дүгээр сар 28









             

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.