Тайлбар: Гэрлийн Өргөөний улаачдыг хувийн цахим тэмдэглэл/блог/-ээ нээж түүх намтраа бичих, хэн байгаад, яагаад хэрхэн улаач болов, улаач
болсноор хир өөрчлөгдөв, махан бие, эрчим биеийн хөгжилтөнд нь дэвшил гарав уу, орчлон хорвоог үзэх,
ойлгох чадвар нь өсөв үү, гэх мэтчилэн маш олон асуултанд хариу өгөх, дүгнэлт
шинжилгээ хийх талаар Аянгат Удган маань үүрэг чиглэл өгсөн билээ. Энэ бол
үнэхээр чухлаас чухал асуудал, түүхийг өөрөө л үнэн бичиж үлдээнэ. Хэдэн зууны
дараа байтугай, хэн дуртай нь түүхийг хэрхэн яаж өөрчилж, гуйвуулдгийг бид мэднэ шүү
дээ.
Миний
хувьд блогоо нээсэн боловч нилээд хугацаа өнгөрчихөж. Улаач болсон түүхээ бичих
гэхлээр хувь хүмүүстэй түүх маань холбогдоод, бусдын хувийн асуудал руу
өнгийсөн болчих гээд басхүү хүлээзнэсэн
нь учиртай байв. Жижигхэн хар саарал муур ч дундуур гүйчихэж... Үнэн юм
үнэнээрээ байг ээ...
Угаа залаалаад буурлуудаа буулгаад 1 жил 3 сар болчихож,
ямарч байсан бөөгийн шүтлэг, ёс жаяг
дэг, учир холбогдлын талаар өөрийнхөө хэмжээнд ойлголттой болсон, цаашид ихийг
сурч мэдэхийн төлөө сэтгэл оюунаа зориулах чин эрмэлзлэлтэй байгаа болохоор энэхүү
түүх-тэмдэглэлийг бичихэд нөлөөлөх зүйлгүй болсон гэж үзсэн юм аа.
Заа, түүх рүүгээ оръё. Миний түшээ Даваа
бол миний төрсөн, ганц эрэгтэй дүүгийн маань хүү. Аав шигээ, мөн миний аав шиг
айлын ганц хүү, өөрөөр хэлбэл манай аавын удмыг тээж яваа цорын ганц эр хүн нь.
Давааг 12 настай байхад аав нь өвчний улмаас гэнэт насан өөд болж, ээж, эгч,
нялх дүүтэйгээ үлдсэн л дээ. Миний өөрийн дүү бол хөгжмийн багш, хуульч
мэргэжилтэй, Замын Үүдийн гаальд зөвлөх эрхтэй гаалийн байцаагчаар арав гаруй
жил ажилласан, 7 хүүхэдтэй айлын ганц хүү нь байсан болохоор эгч дүү нар
бидэндээ басхүү хөөрхөн эрхэлдэг байсансан. Ялангуяа жаахан байхдаа намайг дандаа
дагаж явдаг, миний өрөөнд орж ирж албаар үймүүлдэг хүүхэд байж билээ. Миний аав ээж маань дөнгөж 61 нас хүрээд л
насан өөд болцгоосон, Даваа бол манай аав, ээжийн нандин ач нь байсан юм.
Аав ээжийнхээ тухай товчхон дурьдахгүй бол болохгүй байх. Миний аав
төрөлхийн уран хүн байсан, УРАН ... гэдэг нэртэй. Багаасаа маш гоё зурна, чулуу,
модоор гойд уран сийлнэ, монгол хээ угалзаар будна, монгол бичиг, кирилл
бичгээр маш ганган бичнэ, мужаан, дархан ч хийнэ. Залуудаа Марксизм, ленинизмын
сургуулийг ганцаараа онц дүнтэй төгсөж байсан, ухаан сийрэг хүн байсан гэдэг
юм. Манайх их олон номтой айл байсан юмдаг. Үйлдвэрийн мастер, ТМС-ийн багшаар
олон жил ажилласан, “алтан гадас” одон болон бусад олон шагналтай, хамгийн
сүүлд Засгийн газрын дэргэдэх Аж ахуйн газарт ажиллаж Ордны бүхий л гарын ур
дүй шаардсан нарийн ажлыг хийдэг байсан юм билээ. Цэдэнбал даргын ажлын өрөөний
сийлбэрэн “маажгий” хөлтэй ширээ, сандлыг урласан, гадаадын зочид гийчдэд өгдөг
зарим сийлбэрэн бэлэг сэлтийг урладаг байсан гэдэг. Олон охин хүүхдүүдтэй
болохоор нээх дуугараад байдаггүй, өөрийнхөө урланд л байнга үйлээ хийгээд байж
байдагсан. Аав ээж хоорондоо хэрэлдэх байтугай дуугаа өндөрсгөөд муудалцаж
байхыг би хувьдаа ер сонсоогүй юм. Ээж
маань ёстой нэг зөөлхөн, намуухан хүн байсансан, хүн болгонтой сайхан харьцана,
амнаас нь муу, цээртэй, хараалын үг ганц ч удаа гарч байгаагүй дээ, маш сайхан
дуулна, сайн дурын уран сайханч, концертонд байнга оролцдог, оёно, ялангуяа
монгол хувцсыг бол сайхан урлана, насаараа
худалдааны байгууллагад ажилласан, хаана
ч ажилласан бригадын дарга\одоогийнхоор бол багийн ахлагч, менежер бололтой\-ын
үүрэг гүйцэтгэдэг байсан, олон жилийн хөдөлмөрийн гавшгайч, шагнал бас ихтэй
тийм нэгэн энгийн сайхан хүн байж билээ. Би л лав аав ээждээ зодуулах байтугай,
загнуулж ч үзээгүй хүн шүү дээ. Товчхондоо ийм...
За ингээд түшээ хүүгийн тухай. Гэр нь Замын Үүдэд байсан болохоор 1, 2-р
ангидаа Улаанбаатарт манай гэрт амьдарсан юм. Ойн булаг гээд тэр үедээ бараг
анхны хувийн сургуульд аав нь оруулсан байв. Би нялх хүүхэдтэй гэртээ байсан
болохоор 2-ууланг нь машиндаа суулгаж аваад л Давааг сургуульд нь хүргэж өгнө, очиж
авна, хичээлийг нь хийлгэнэ... Дараа жил нь Давааг Хятадын Эрээн хотод хятад
хэл сургана гээд тэнд сургуульд оруулсан байв.
Аав нь өөд болсноос хойш тэднийх Замын Үүдэд жил гаруй болсон л доо,
унаа машинтай, хил дээр гуанз ажиллуулдаг байсан боловч тодорхой шалтгаанаар
тэднийг бид татахаас өөр үггүй болж ОХУ-д амьдардаг миний хамгийн бага дүү өөр
дээр авч бас хэдэн жил өнгөрөв. Харин Даваа манай өөр дүүгийн хүүтэй чацуу,
найзууд учраас тэднийд амьдарч 8-р дугаар ангиа дүүргэсэн юм.
Тэгээд л миний ажил эхэлсэн дээ. Би төлөвлөж байснаараа Давааг өөр дээрээ авч
хяналтандаа байлгаж 9,10,11-р ангийг нь дүүргэв. Энэ хугацаанд охиныхоо араас
АНУ явуулж сургах зорилгоор Даваагийн англи хэл дээр анхаарал илүү хандуулсан,
хэдийгээр хоцрогдож байгаа хичээлүүдэд төлбөртэй давтлагууд авч байсан ч.
Сантис, Голден бриж, бас хороолол дахь ваакуумжуулсан сургалтанд ээлж дараалан
явуулж байлаа. Дандаа 300-аас дээш мянган төгрөгийн төлбөртэй. Гэтэл хүү маань аль
алинд нь дуустал суралцаж өгөөгүй юм, нэг ч сертификат байхгүй шүү. Юун АНУ
явах манатай, энглш хэл нь ч дээшилдэггүй.
Өнчин өрөөсөн юм, аавынх нь шарил дээр “хүүхдүүдийг нь гарыг нь
ганзганад, хөлийг нь дөрөөнд хүргэнэ” гээд амлачихсан болохоор чадах
чинээгээрээ араас нь яваад л байлаа. Хувцас хунар\хамгийн сайн чанартай,
АНУ-аас бараг ганцхан Даваад л гайгүй зүйл авчирдаг байв\, сурах бичиг, ойр
зуурын мөнгийг нь би л даана. Манай Гоогол бас манайхныхны зөндөөн хүүхдүүдийн
төлбөрийг хариуцаж байсан болохоор би Даваагаа л. Цаана нь надад “Даваа бол аавын
минь удам угсааг залгамжлагч ганц эр хүн” гэсэн маш чухал хатуу хариуцлага
байсан л даа.
Заа тэгээд хүү маань ямарч байсан дунд сургуулиа төгссөн болохоор би дагуулж 3 өөр сургуулийн конкурсэд оруулав,
арай гэж тэнцэж байгаа Олон Улсын Харилцааны дээд сургуулийн гадаад худалдааны
ангид оруулаад төлбөрийг нь төлөөд оюутан болгоод сэтгэл нэг амарч, “заа
сургуулиа төгсөнгүүт нь машин авч өгнө” гээд амаллаа. Сургуульд нь тууштай
сургах арга юм уу даа, хэхэхэ
Хэдэн сарын дараа нь ээж нь Оросоос ирэв. Даваа мэдээж ээж дээрээ очиж
таарна. Гэрийнхээ бүх зүйлийг ах дүү нартаа тараагаад Орос явсан хүнд амьдрах
орон байр хэрэгтэй байдаг. Бид ярилцаж байгаад Гоогол мөнгө гаргаж, би дээрээс
нь бага сага нэмэрлээд Даваагийн ээжийг би дагуулан хэдэн өдөр дэлгүүр, захаар
явж тэднийд 5 ханатай цоо шинэ гэрийг бүх зүйлтэй нь, айлд юу хэрэгтэйв, аяга
таваг сэрээ, ор диван, зурагт, будаа агшаагч, жигнүүр, усны тэрэг, хувин сав,
печ энээ тэрээ орчин үеийн цоо шинэ бүх зүйлтэй нь авч нэг дүүгийнхээ хашаанд
цоо шинэ нэгэн айлыг бий болгов оо.
Гэтэл хэдэн сарын дараа манай Даваа сургуулиа орхисон тухай сураг сонслоо. Хавар
ч боллоо. Ямар Давааг хаялтай биш, дахиад л хөөцөлдөж танил хүнээрээ яриулж
байж Отгон Тэнгэр их сургуулийн хуулийн ангид оруулаад төлбөрийг нь бас
төлчихлөө. Багштай нь уулзаж өнчин өрөөсөн, ийм тийм гээд жаал захиж орхив. Овоо
хичээлдээ яваад л надаас асуух зүйлээ асуугаад, ном сурах бичгээ аваад л яваад
байлаа. Шинэ жилийн дараахан “Даваа сургуульдаа явахгүй байх шиг байна” гэсэн
мэдээ ирж дотрыг минь эвгүйцүүлэв. Арай ч үгүй байлгүй дээ гээд ээжийг нь
сургууль руу нь явуулав. Үнэхээр сургуулиа бас хаясан байсан юм. Ингээд би бол
яагаад ч дийлэхгүй юм байна, нэг хэсэгтээ орхьё гээд чимээгүй болчихов оо.
Тэр үед цэргийн хүүхдүүдийн тухай ямар нэртэй билээ нэг кино гараад л
байсан даа. Кино таалагдсан бололтой Даваа “хавар цэрэгт явна” гэж байна гэсэн
яриа гарлаа. Бид ч “заа, одоо ёстой ингэж байгаа дээр нь цэрэгт явуулж, явуулах
явуулахдаа бүүр хол хил рүү явуулж жаахан амьдрал үзүүлсэн нь дээр” гэж
ярилцацгаав. Гэхдээ хүү маань сахилгагүй биш, эдвэрчихсэн буруу зөрүү ааштай
биш, дуугүйдүүхэн, инээмсэглээд л явдаг, хоргүй хүн л дээ. Даанчиг сурч
өгсөнгүй ээ.
2011 оны 5-р сард бид Давааг цэрэгт мордуулав. Жаал захиас хэлэв. Их л
дуртай явсан юм.
Энэ үед би бөөгийн талаар бага сагахан мэдлэгтэй болчихсон байв. 11-р сард
Аянгат удгантайгаа танилцаж, Гэрлийн Өргөөний гишүүн болов оо. Гэрлийн
Өргөөнийхнөөс угтайнууд тодорч эхэлсэн үе л дээ. Би ч тэр дунд нь ороод
явчихсан юм, хэдэн хүүхдүүдийг дагуулаад л машиндаа суулгаад ийш тийшээ, удган
зайрангийнд очиж шалгуулна аа. Гансүх, жижиг Мягаа, Баяр-Оч, Чинзоо нар,
сүүлдээ жижиг Баярмаа, Гантулга бид хэд эхний “багцад” оров оо.
Налайхад Сэлхэнцэг удганыд ч хэд хэдэн очсон доо, хонуутаар ч явсан. Нэг удаа очихдоо удганы буурлаас нь Даваагаа асуулаа.
“Дархан дорлигтой юм байна, үүнийгээ хүлээгээд авчихвал гайгүй л юм байна.
Сурах ёстой юмаа сурчихсан хүн байна” гэв.
Шинэ жилээр Даваа шагнуулаад УБ-т ирсэн
байв. Хил зөрчигчийг баривчилсан юмсанж. Даваа манай ирэхлээр нь байдлыг яриад
хамтдаа Сэлхэнцэг удганыд очихоор тохиролцов. 1-р сарын 6-нд эхний багцын бид
хэд угаа тодруулахаар удганыд очих ёстой байсан юм. Энэ өдрөө манай гадаа Гансүх бид хэд Давааг
хүлээгээд 30 минут болоод ядаад орхиод явж билээ. Тэгээд Даваагийн шагналын хугацаа дуусаж цэргийнхээ
хуаран руу буцсан юмдаг.
2012 оны 5-р сард би хэдэн нөхдийн хамт угаа залаалж буурлуудаа буулгахаар
болсон байв. Манай Даваа ч цэргийн албаа онц сайн хаагаад 5-р сарын эхээр
гэртээ ирлээ. Даваатай уулзаж “эгч нь
одоо угаа авах гэж байна, чамайг ч 10-р сард дархан дорлигоо ав гэсэн ” гээд,
цаашдаа яах төлөвлөгөөтэй байгаа талаар нэлээд удаан ярилцсан юм. “Хэрвээ чи
бөөгийн үйлээр цаашдаа явна гэвэл 10-р сар хүртэл миний түшээ бол оо, нэгэнт дархан дорлигоо авах юм бол дарханы,
сийлбэрийн сургалтанд 9-р сарын 1-нээс
хамрагдаад явах хэрэгтэй байна. Би сийлбэрэн гэрээ хийлгэсэн залуус, мөн толь
бүсээ хийлгэсэн дархан хүмүүстэй цалингүйгээр ажиллуулах талаар ярьчихсан
байгаа, завсар зайгаар нь дадлагажаад юм сураад ав” гэсэн хүсэлт тавьсан л даа.
Даваа баярлаад өө тэгье гээд бид маш сайн тохиролцоонд хүрсэн л дээ уг нь.
Хэхэхэ Үнэхээр аавын минь удмын “дархан
дорлиг”-ийг буулгаж аваад махан биеэрээ ядаж бага ч гэсэн юм хийгээд сурчихвал,
өвөө нь тийм уран хүн байсан юм чинь Даваа дор нь зүгшрээд явчихаар байсан л
даа. Ийнхүү би Давааг суралцах сургууль
хайх хэрэгтэй болсон юм.
Би буурлуудынхаа гэрийг барьчихсан, буурлуудаа залаалах бэлтгэлээ ерөнхийд
нь хангачихсан байсан, одоо түшээтэй болчихлоо, 3 сарын цээрийн хугацаатай
гэсэн, Даваагийн хувьд ч ярьснаар бол бүх зүйл бас таарч тохирч байлаа. Даваа манайд
амьдрахаар болж цэргээс ирсэн хүүхэд болохоор бүх хувцас хунар, хэрэгцээт
зүйлүүдийг нь шинээр авч өглөө. Түшээ юм чинь монгол дээл ч авч өгөв.
Буурлуудын өргөө, хашаанд хийх зүйл нэлээд байсан тул Даваагийн ажил ч эхэлсэн
л дээ.
5-р сарын 27-ны өдөр Танхай балчир, Нисдэг балчир, жижиг Мягаа бид дөрөв
буурлуудаа залаалахаар хээр гарсан билээ. Бид 4-ийн түшээ нар нь бүгд залуучууд\Танхайгийн
охин, Нисдэгийн дүү хүү, Мягаагийн эгч, манай хүү\, хоёр багш маань ч залуухан\Сэлхэнцэг, Төрөө
зайран\, дээр нь Сэлхэнцэг удганы үйлд туслахаар Өргөөний Эрдэнээ явсан юм.
Миний хувьд Сэлхэнцэг удгантай маш дотно болсон байлаа. Налайхад гэрт нь
очих бүрийд ээж нь гэх сайхан настантай хоёулаа “буу их ална аа”. Сэлхэнцэг удганы ээж биднийг
цай, боорцогоор дайлна. Удганы бүхий л үйлийг дэмнэнэ. Надад өөрийнхөө
амьдралыг их ярина, зовлон жаргал бүхнийг, удганы тухай, нөхрийнхөө тухай,
охидуудынхаа тухай. Их л дотно байдаг байсансан.
Энэ дашрамд: Манай Гоогол маш хүнд өвчтэй гэсэн онош гадаадын эмнэлгүүдээр тогтоогдсон байлаа. Би
нэг удаа ОХУ-д явж байтал Гоогол энэ тухай смс бичээд сэтгэл санаагаар их
унасан байсан юм. Ирээд би “нэг сайн удгантай танилцсаан, мэлмийтэй, түүн дээр
очих уу?” гэж асуутал “үгүй, үгүй, очихгүй” гээд эрс татгалзав. Тэгээд ч намайг
удган болно гэхэд эргэлзэж тээнэгэлзэж байсан үе л дээ. Дараагийн сард дахин
ОХУ яваад иртэл нөгөөтөх чинь “ Гээгэл эгч ээ, нөгөө удган дээр чинь очих уу?”
гэдэг юм байна. Ингээд би Гооголыг дагуулаад Сэлхэнцэг удганыд очиж эмчилгээ,
дом хийлгэж тэр өвчин нь бараг 70 хувьтай эмнэгдсэн юм.
Гоогол бөөн баяр болж энэ хүнд би нэг юм хийж өгөхгүй бол болохгүй нь ээ.
“Буурлуудынх нь өргөөг хийж өгье, аав, ээжтэйгээ нэг дор шүтээн нь байх, үйлээ
энэ жижигхэн гэрт хийхэд бас хэцүү байдаг байх”, “Та, таны сийлбэрэн гэрийн
модыг хийж өгсөн залуучуудтай яриад 5 ханатай сийлбэрэн гэр захиалаатах” гэв. Ингээд
би нөгөө залуустай ярьж, Сэлхэнцэг удганыг уулзуулж “гэр хийх тухай гэрээ”-г нь
хийж одоо байгаа гэрийнх нь мод, зарим эд хогшлыг нь захиалан хийлгүүлсэн
билээ. Би ч бас хэдэн цаас нэмэрлэв. Өмнө
нь Гоогол удганд бас сийлбэрэн 2 сайхан модон авдар бас бэлэглэсэн юм.
Уг залаалах үйл ч басхүү яггүй хүндхэн ажил байдаг юм билээ. Би түшээ
хүүгээ байнга л Сэлхэнцэг удганд тусал,
юм хумыг нь өргөлцөж өг, хий гэснийг нь хий гэж байлаа. Хээр бид 5
хоносон санагдана. Зөв чөлөөгөөр нь манай хэдэн залуучууд- түшээ, багш нар
нийлээд тоглоно, ярьж хөөрнө,..
Ийнхүү буурлуудаа залаалан хүлээн авсны дараахь миний 3 сарын цээрийн
хугацаа эхэлж Даваа бид хоёулхнаа Найрамдал зуслангаас нааш 5 км зайд байх
өргөөндөө амьдарч буурлуудаа өдөрт 3 удаа буулгах, тэр хавийн уул овоо, ойгоор
явж эздийг нь аргадах гэх мэт үйлийг хийж байлаа. Даваа ч овоо зүгширч,
буурлуудтай сайхан харьцаж, түшээгийнхээ үйлийг сайн хийж сурч байв.
Сэлхэнцэг удган хааяа манай өргөөнд ирнэ ээ. Танхай балчрын охинтой ч ирнэ.
Утсаар байнга ярилцана, асуух юм зөндөөн байх, смс бичнэ, дорно хариулна. “Гээгэл
эгч ээ, одоо буулмалыг чинь буулгана, тийм тийм зүйл бэлтгэсэн байгаарай” гэнэ.
“Эрлэгийн хатныг чинь буулгана, ийм ийм юм бэлтгэ” гэнэ. Нэг удаа “Гээгэл эгч
ээ, би жаахан амрахгүй бол ядраад байна, танайд 5 хонож болох уу” гэлээ.
Үнэхээр ч Гэрлийн Өргөөний олон хүмүүсийн угийг холбож байгаа, зогсоо зайгүй
явж байгаа болохоор ядарсан байх. “Өө тэг ээ” гэлээ. Азны юм, удганыхаа дэргэд
басхүү овоо тэнхээжээд авна гээд л.
Удган хуяг хэнгэрэг, бүх зүйлтэйгээ ирлээ. Орой болж “миний хажуугаар орыг чинь
засах уу” гэлээ. Би өргөөнийхөө зүүн талд, манай хүү баруун талд газраар унтдаг
байсан л даа. Гэтэл удган “хуяг
хэнгэрэгийнхээ хажуунд унтана аа” л гэлээ.
Манай хүүгийн хажууд ороо засав, тэгээд л манайд тав хонож би налайхад гэрт нь
хүргэж өгсөн юм. Гэтэл удган аав ээждээ Арханхай аймаг үйлээр явлаа гэж хэлсэн
юм байж. Би яаж мэдэхэв, хариугүй ам алдах дөхөж, бяцхан эвгүй байдалд оров.
Энэ үед ч би манай 2-ын талаар гадарлаагүй явсан л даа, тохилцоод гараад л
явчихна, хамтдаа тамхи татна, хамтдаа овоон дээр гараад ирлээ гэнэ, тийм байх гэсэн
бодоод л өнгөрсөн. Манай хүү чинь дөнгөж 20 настай, хол эгч, миний багш
удгантай янз бүрийн холбоо тогтооно гэхэд ядаж зориг нь хүрэхгүй байхаар байсан
л даа, хэхэхэ
Энэ явцад би хүүгээ суралцуулах сургуулиа олов, Гандийн нэрэмжит Урлах...
юу билээ дээ, нэрийг нь мартчихаж, 32-ын тэнд, нэг сургуульд 3 жил
суралцуулахаар хүнээр яриулаад шалгалтгүйгээр оруулчихлаа. Бас төлбөрийг нь
төлөөд оюутны үнэмлэхийг нь ч авчихав. 9-р сарын 1-нээс хичээл нь орно. Тусд нь
нэг багшаар төлбөртэйгөөр сийлбэр заалгахаар болов. Гэхдээ бид хоёр өргөөндөө
модоор сийлбэр хийгээд эхэлчихсэн байсан юм шүү.
Аянгат удган гадаадаас аль эрт ирчихсэн,
Их үйл ид өрнөж байсан үе л дээ. Нэг удаа Налайхаас урагш нэг сайхан
газарт улаач болсон хүмүүс бүгдээрээ хээрийн бөөлөө хийлээ. Сэлхэнцэг удган “та
манай буурал буухлаар золгоорой” гэв. Мэдээж
сайхан буурлуудтай золголгүй яахав. Золголоо. Гэтэл буурал нь “ миний улаач
нөхрөөсөө хойш нэг ч хүнтэй байгаагүй ээ,
танай түшээ хүүтэй шар авдарны өмнө юу яагаад... танай талийгаач дүү хойтон
жил хүүдээ ирнэ ээ,” гэх мэт зүйлийг хэлэв\зарим үгийг буруу хэрэглэсэн бол
өршөөгөөрэй\. Миний балмагдсан гэж, юу хэлэх үгээ мэдэлгүй, хэлснийг нь ч
тухайн үедээ сайн ойлгосонгүй. Миний түшээ хүүтэй холбоотой юм болохоор “би ээжид
нь дуулгая аа” л гэв. Заа ингээд л ёстой
харин, санаа зовоосон том асуудал үүссэн дээ.
Манай хоёртой холбоотой энэ асуудлыг жил гаруйгийн хугацаанд би 3-хан хүнд
ярьсан байдаг юм, маш товчхоноор. 2 нь маш итгэлтэй хүмүүс, 1 нь асуугаад
байхлаар нь. Бусдаар би ам нээгээгүй,
учрыг нь ойлгоход ч хүнд байсан юм.
Даваа бид хоёр гэртээ ирээд олон талаас нь ярилцлаа. “Чи хамгийн түрүүнд
хүний 6, 7 настай хүүхдийн эцэг нь болж чадах уу? Чамд одоо өрх толгойлоод
амьдрах чадвар байна уу? Айлыг айл шиг аваад явах боломж байна уу? Чи эгчмэд
хүний нөхөр болоод тууштай амьдарч чадах уу? Чамд одоо ямар ч мэргэжил алга,
хийж чадах зүйл алга. Чи одоо сургуульд дахиад орлоо, хүүхэдтэй болж л таараа,
4 амыг тэжээх чадвар чамд одоо байна уу?” гэх мэт асуулт тавьсан л даа. Өөрийнх
нь амнаас “чадна” гэсэн нэг ч хариулт хэлсэнгүй ээ.
Одоо тэгээд яах вэ? Заа ямар ч байсан манай буурлуудаас асууя гээд би
буурлаа буулгав. Манай хатан шууд л түрүүлээд буув. Их л санаа нь зовсон байх
шиг байсан, гэхдээ маш тайвнаар “ удган, хүү хоёр үерхээд явна биз ээ, харин
гурвантай хаврын дараа бүх зүйл тодорхой болно оо” гэв. Ингээд Даваа бид 2 дахин олон өнцгөөс ярилцаад ямар ч байсан сургуулиа төгсөх, дархан
дорлигоо буулгаж хүлээн авах, Сэлхэнцэг удгантай үерхэж, нөхөрлөдөгөөрөө
байхаар эцсийн шийдвэр гаргасан юм.
Би чинь ОХУ–д ИХ сургууль төгсөж ирээд \улаан димломтой төгссөн учраас
ганцааранг минь УБ хотод үлдээж, үлдээх үлдээхдээ УДШ-д ажиллуулсан юм\Улсын
Дээд Шүүхэд 5 жил гаруй, хотын шүүхийн орлогч даргаар 5 орчим жил ажилласан,
дараа нь 10 гаруй жил Хууль Зүйн яаманд Хууль боловсруулах газар, Мониторингийн
газар тус тус ажилласан хүн шүү дээ Өөрийгөө жаахан бичихгүй бол бас болохгүй
нь. Энэ чинь бас миний хаана ч бичигдээгүй түүх, намтар юм байна. Хэхэхэ
Шилжилтийн үеийн хуулийн байгууллагуудын бараг бүх хуулийг боловсруулах
ажил дээр ажилласан даа. Эрүүгийн хуулиуд, өмгөөллийн хуулиуд, Цагдаагийн
байгууллагын тухай, Шүүхийн байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн
хуулиуд, шүүгчийн ёс зүйн дүрэм, өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм гээд л олон дүрэм
журам боловсруулсан. Эрх зүйн акт боловсруулах тусгай хууль байдаг. Түүний
дагуу л хийнэ. Тэгэхээс энэ тэндээс
хэдэн юм хуулаад тавьдаг юм ч биш. Маш нарийн чимхлүүр ажиллагаа байдаг. Нэг
цэг, таслал буруу тавихад хуулийн агуулга алдардаг. Тухайн нийгмийн харилцааг
судална, шинжилнэ, түүх талаас нь ч судалгаа хийнэ, гадаадын хуулиудыг ч
судална, асуулга явуулна. Маш төвөгтэй ажил. Дээр нь мониторинг хийгээд, олон сургууль,
байгууллагуудад хичээл лекц хийгээд ирсэн туршлагаараа л Гэрлийн Өргөөнийхөө
эрх зүйн асуудалд өөрийн биеэр сэтгэлээрээ оролцсон билээ. Одоо харин
мундагчуудтайгаа нийлж байгаад БӨӨГИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ гэгчийг боловсруулж МОНГОЛ
даяар нь хэвшүүлвэл яасан юм гэж бодоод л явна. Гэхдээ хэцүү, шүүгч, өмгөөлөгч,
прокуророос ангид өөр субьект учраас.
Харин шүүгч байхдаа шийдвэрлэхэд хамгийн хэцүү нь иргэний хэргээс “гэр бүл
салгах” хэрэг, эрүүгийн хэргээс “насанд хүрээгүй хүүхдийн холбогдолтой” хэрэг
байж билээ. Гэр бүлийн асуудлаар хамгийн муу муухайг шүүгч л сонсдог байх, дээр
нь хүүхэд өнчрүүлэх асуудал гардаг, маш их сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Намайг
хүн харахлаар ёстой ширүүн дориун, хатуу харгис нөхөр л гэж боддог юм шиг
байгаа юм. Хачир дээрээ тулахад би чинь жинхэнэ сул хүн шдээ, насанд хүрээгүй
хүүхдэд хорих ял өгч чаддаггүй, Гэр бүлийг салгачихгүйг оролдож олон талаас нь
тус тусд нь уулзана, гуйна, учирлана. Би чинь хүн загнадаггүй хүн шүү дээ,
шүүхэд байхдаа шүүгч нарыг зөв харьцаатай байлгах гэж их ч тэмцсэн дээ. Гэхдээ худал хуурмаг, шударга бус, долигонуур,
дээрэлхүү, дарангуйлагчдыг тэвчиж чаддаггүй. Би нөхөртөө ч солиор, хуц, зайл
гэж ч хэлж үзээгүй хүн шүү дээ, юун хараах, доромжлох
Гэмт хэрэгтэн ч хүн шүү дээ гэдэг талаас нь би харьцдаг байсан даг. Ганцхан
жишээ дурдъя. Цаазтай, тулгаж таслах хэрэг шийдэв ээ. Нэлээн дээр үед Улс
төрийн товчооны гишүүн байсан Төмөр-Очир гуайг захиалгаар алсан гэдэг боловч
тогтоогдоогүй юм билээ. Жамбал гэгч хүний хэрэг л дээ. Нялх биетэй эхнэрийнхээ
амийг хөнөөсөн, бас найзынхаа амийг хөнөөсөн гэх боловч өөрөө хүлээгээгүй. Хэрэг
үйлдчихээд ул мөрийг яс цэвэрлэж устгадаг хүн. Уг нь эмэгтэй хүн цаазтай хэрэг
шийдэхгүй байх нь элбэг л дээ. Би чинь шүүхийн орлогч дарга хүн, цохогдоод ирж
байгаа болохоор шийдэж л таараа. 500 хүний суудалтай зааланд хэргийг таслахаар
зараа гаргачихсан байлаа. Хүчингээс бусад бараг бүх хэргийг олны өмнө
шийдвэрлэх ёстой. Гэтэл намын хорооны 2-р н\б дарга нь дуудаж байна гэнэ.
Прокурор нь нэг хүүхэн, гэхдээ туршлагатай лаг хүн, өмгөөлөгч нь бас хүүхэн,
ИХ-ын гишүүн байсан Баттулгын эхнэр, дандаа хүүхнүүд. Тэр дарга “та нар энэ
хэргийг шийдэж чадах юм уу? Цаад Жамбал чинь ёстой үзүүлээд өгнө, хурлыг чинь
баллана гэж хорихоор нэг ярьж байна гэнэ дээ гээд баахан сүржигнэлээ. Тэр үед
нам гэдэг чинь хамгийн том нь байсан, бүгд намд захирагддаг байлаа шдээ. Хэхэхэ.
Прокурор Оюунцэцэг “шийдэж л таараа
шдээ, Жамбалд юу боллоо гэж чадуулдаг юм” гэчихэв. Би ч “бүх бэлтгэл ажлаа
хангасаан” л гэлээ. Дарга “за за, мэдэж байгаа юм байгаа биз” гэж билээ.
Шүүх хурал дээр прокурор жинхэрээрээ даналзах, би цааз өгөх болохоор жаахан
зөөлөн хандахаар тактик боловсруулж билээ. Олон цагдаагаар хамгаалуулсан заал
дүүрэн хүнтэй, аймаар шүүх хурал болж билээ. Ямарч байсан нотлох баримтуудаар,
гэрчүүдээр хэргийг нь ягштал тогтоож чадсан л даа. Гэхдээ би хүнийх нь хувьд
өрөвдөөд, сагс, волейбол маш сайн тоглодог, гоё хөгжимдөж дуулдаг, гарын ур
дүйтэй, ажилдаа сайн гээд сайн талууд байгаа боловч маш ууртай, ёстой эмоцоо
удирдаж даанч чаддаггүй хүн байсан байдаг.
5 хүүхэдтэй. Цаазын шийдвэр уншчихаад би Жамбалтай уулзах гэсэн чинь
цагдаа нар хориод болдоггүй. Гав, дөнгөтэй, дэргэд нь байнга 2, 2 цагдаа
харгалзаж байгаа. Ёстой эрхийнхээ дагуу уулзаж, хүсэлтийг нь сонсож аваад дараа
нь боломжтой нэгийг нь биелүүлж билээ. Хурлаас хойш унтаж чаддаггүй, олон
хоносон, аав дээрээ очиж байдлаа хэлж, “дахиад хэдэн хүний амийг хөнөөх ч
байсан юм билээ, миний хүү хуулийн дагуу л ажлаа хийсэн шүү дээ, магадгүй буян байх” гэж билээ. Ер нь бол шүүнэ, таслана гэдэг амаргүй л ажил
байсан, миний хувьд.
Ямарч байсан би дунд сургуульд байхын онц сурлагатан байсан, гэхдээ хуулдаг
биш, хуулуулдаг онц байсан шүү. Тоо, физик, шугам зурагт илүү байв. Хаана ч
байсан, бүүр цэцэрлэгээсээ байнгын даргын сэтэртэй явсаар хөгширсөн дөө,
хөөрхий. Сагс, гар бөмбөгийн улсын гуравдугаар зэрэгтэй шигшээ багийн тамирчин
байсан, алинд нь ч холбогчийн үүрэг гүйцэтгэдэг, намхан болохоор тэр. Дундын
зайнаас гоол сайн оруулчихдаг, дээрээс нэлээд хүчтэй падажилна, өргөхдөө сайн,
зай сайн харна, тоглохдоо суу заль ихтэй юм уу даа, хэхэхэ, буухиа гүйлтэнд ч
ордог байлаа ш дээ. За за ёстой гайхуулсан болчихлоо. Уншигч Та минь
өршөөгөөрэй. Намтар гээд л бичсэн болог дээ.
Үндсэн сэдэв рүүгээ оръё. Гэр бүл болох асуудлыг хуумгай шийдэж огт
болдоггүй гэдгийг хэлэх гээд л хальтарчихсан байна. Алтан сударт ч, бусад өвөг
дээдсүүдийн үлдээсэн аугуу ухаанд ч ГЭР БҮЛ БОЛОХ, ураг барилдах асуудал маш
чухалд тооцогддог байсныг бэлхэнээ бид уншиж судалж байгаа. Би шүүхэд ажиллаж
байхдаа гэр бүлийн хэргээр судалгаа хийж байсан юм. Маш сонин үзүүлэлтүүд
гардаг л даа. Маш муухай үйлдлүүд гэр бүлийн орчинд байнга болж байдаг юм
билээ. Энэ нийгэм ялзарч өмхийрсөн гэдэг нь гэр бүлийн хэргийг шийдэх явцад тод
томруун харагддаг юм. Сорхагтани бэхи хатан Гэр бүлийн харилцааны талаар ном бичиж Их Эзэн
Хаанд өргөн барьсан байдаг нь цаанаа түмэн учрын зангилаа, аугуу ухаан бий байх...
За тэгээд би түшээ хүүтэйгээ нэлээд ярилцаад Сэлхэнцэг удгантай манай
өргөөнд уулзахаар болсон л доо. Энэ бүхний учир Сэлхэнцэг удганд байгаа биш,
манай хүүд байсан юм. Ядаж сургуулиа төгсөөд ямар нэгэн мэргэжилтэй болчихсон
бол, хийж чадах үйлтэй байсансан бол,.. Хүний амьдралыг хүндрүүлэхгүйгээр
амьдрах чадвартайсан бол. Айлд нэр, нүүртэй хүргэн болох байсансан бол.
Амьдралын зовлонг хар багаасаа үзэж байгаа ч манай аавын талынхны удам угсаа
дандаа өөрийн ур чадвартаа эрдэж амьдарч байсан болохоор хүүгээ ихэд голсон нь
өнөөдөр ч батлагдаж байна доо.
Сэлхэн удган, Даваа бид 3 манай буурлуудын өргөөнд уулзаж ярилцаад Даваа
сургуульдаа суралцаж дүүргэх, Дархан дорлигоо хүлээн авах, тэр хоёр цаанадаж 3
жил үерхээд дараа нь гэрлэхээр тохиролцож билээ. 8, 9 жилийн насны зөрөөний талаар
ч аль аль талд нь ярьж тохирсон зүйл байсан. Даваад ч хатуу анхааруулсан, зан
харьцааны талаар ч, бие биенээ хүндлэх, тэвчээртэй хандах гээд зөндөөн ярьсан. Сэлхэнцэг
удганыд очоод эгч дүүсийн харьцааг ч би ажиглаж байсан болохоор энэ тал дээр ч
зөвлөсөн зүйл бий. Маш өөр өөр орчинд өсөж хүмүүжсэн хүмүүсийн хувьд таарч
тохирохгүй зүйл олон гарахыг ч анхааруулсан. Манай Даваагийн хувьд эрх танхи
өссөн хүн шүү дээ.
Гэтэл сарын дотор бүх юм эсрэгээр эргэсэн дээ. Миний цээрийн хугацаа дуусаж
ОХУ руу ажлаар явав. Даваа хотын байрандаа манай бага охинтой ханиндаа байж,
хичээлдээ явах ёстой байлаа. Нэг удаа охин руугаа ярьтал “Даваа ах байхгүй
байгаа, ирэхгүй байгаа” гэв. Заа яасан бол гээд л санаа зовж эхэлсэн дээ.
Хичээлдээ яваа болов уу, яасан бол гэж, бас охин гэртээ ганцаараа.
Манай буурлуудын өргөө, хашааг хардаг манаачтай л даа. Түүн рүүгээ яриад
асуутал “танай хүү нэг охинтой ирж яваад байна лээ” гэдэг байна. Ингээд би
Даваад смс бичиж “хотын байрандаа байгаарай, буурлуудын өргөө бол буурлуудынх,
амраг хосуудын уулзаж учирдаг газар лав биш шүү, хичээлдээ явж байгаа юу?” гэв.
Хариу ч ирсэнгүй. Тэгээд хэд хоногийн дараа Монголдоо иртэл Даваа гэртээ
байдаггүй, утсаа хаагаад алга, Дамбад ээжийндээ оччихсон байв. Сургууль дээр нь
очоод асуутал хичээлдээ ирэхээ больсон гэлээ. Ёстой шооконд орсон шдээ би.
Удгантай ч уулзаж учраад явсан юм билээ. Сэлхэн удгандаа ч би хатуухан, үнэн үгтэй
смс бичсэн.
Тэгээд л нэг мэдэхэд манай хүү Сэлхэн удганыд бүүр мөсөн оччихсон байв. Ингэж
л би түшээгээ “алдчихсан” юм даа. Хэхэхэ Түшээгүй үйлээ хийгээд сурчихсааан,
сурсан.
Одоо тэр хоёр хөөрхөн хүүтэй болчихсон, даанчиг манай хүү ажилгүй болохоор
янз бүрээр хэлүүлээд л явж байгаа сурагтай. Би ч ярьсан тохирсноороо байж
чадаагүй, буурлуудын үгийг үг гэж тоож аваагүй та нартай харьцахгүй ээ л гэсэн.
Юун нөгөө дархан дорлигоо авах, одоо болтол ор сураггүй, ээжийнх нь эмэгтэй дүү
Давааг дорлигоо аваг гээд нэлээд хэдэн
төгрөг өгсөн сурагтай байсан. Гоогол ярьснаараа тэдэнд байнга туслаад дэмжээд
явж байна. Машин авна гэхлээр нь Гоогол ..сая төгрөг өгсөн байна лээ. АНУ-аас манай
эгч хүүхдэд нь юм явуулж байгаа.
Би ч түр харзнаад л байж байна даа. Бүхнийг
цаг хугацаа харуулна. Тэнгэр Монгол Газар
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.