2013/12/10

ХАТАН ӨЖИЙДӨӨ гомдоллов

ХАТАН ӨЖИЙДӨӨ гомдоллов

            Өнөөдөр \11/XII/2013\ би Хатан өжийдөө өгүүлэв. “Өжий минь дээ, сүүлийн үед би дандаа л буруу,болохгүй, муу муухайг бичлээ. Нэг л таагүй, хүн амьтан ч юу гэж байгаа бол, зариманд нь тун таагүй байх шиг байна” гэтэл Хатан өжий: “Заа, одоо үр минь САЙХАН-ы тухай бичнэ дээ, уг нь хамгийн урд эхийн тухай бич гэсэн юмсан” гэснээ “Хэн юу гэхийг анзаарах хэрэг үгүй. Өөрөө өөрийнхөө мууг олж харсан хүмүүст таагүй байж ч мэднэ, алдаагаа өмөөрөх нь үү, алдаагаа засах нь уу, энд л том ГОЛ утга учир яваа даа.  Алдаагаа өмөөрсөн хүн ямагт урууддаг юм, алдаагаа засаж давж гарсан нь ялалт өөд хөнгөхөн авирдаг юм” гэв.
            Хэсэг сууснаа “Заа, та бүхний алхам бүрт хэлж зөвлөж байхгүй бол  их л дорой сэтгэхүйтэй байна. Цөвүүн цагийн барааныг гэтлэн гарч, сайн сайхныг цогцлоох гэж зорьж тэмүүлж байгаа бол, хүсэл зоригдол чинь чин үнэн тийм бол та нар зүгээр сууж байгаад гэгээрэлд хүрнэ гэж бодно уу.
            Бугшмалын, муу юм бүхний тэн хагасаас илүүтэйг нь ЗАСАЖ, АРИЛГАЖ байж цааш нь хөнгөхөн хөдөлнө дөө. Энэ чинь ИХ ЗАСАГ, ихийг засна гэж ойлгох учиртай юм. Зассанаа заншил болгон заншина гэсэн үг дээ. Тийм зантай болно гэсэн ойлголт.  Жаяг тогтож байгаа нь энэ дээ.  Үүний тулд их МЭДЛЭГ, ЭРДЭМ хэрэгтэй биз? Бэлэн байгаа мэдлэг, эрДЭМийн төлөө яасан удаан мацдаг үрс вэ?

2013/12/09

ИТГЭХГҮЙ, би

ИТГЭХГҮЙ, би
            Хатан Өжий маань дахиад л нэг даалгавар өгсөн нь “Итгэлийн тухай бич” гэв ээ. Бодсон чинь бас л бугшмалтай холбоотой юм байна. Шадалсан нь дээр санагдлаа. Та нар минь мөр нэмээрэй.

Уг нь би итгэмээр байна
Урам төгс итгэмээр байна
Ухаан зарахгүйгээр итгэмээр байна
Уяран хайлан итгэмээр байна

Итгэл гэж сайн сайхныг хөтлөгч
Итгэл гэж ашдын дээдийг гийгүүлэгч
Итгэл гэж аз жаргалыг бэлэглэгч
Итгэл гэж ам артай байхыг голлогч

Итгэл, хүсэхгүй бол төрөхгүй
Итгэл, найдваргүй бол бий болохгүй
Итгэл, худалд дарагдвал үгүйрнэ
Итгэл, үнэнээс төөрвөл алдарна

Бодовч, Би итгэж чадахгүй нь:

Байгаагаар нь орхих гэхлээр
Байдгийг барж устгаж цөлмөх нь
Барагтайг бузарлаж эвдэж гүйцэх нь
Байсныг үгүйсгэж мөхөөж оршуулах нь
Бараан цагааныг хольж барс мангаст идүүлж дуусах нь

Би итгэж чадахгүй нь:
Буруу бүхнээр зөвийг дийлэгчдэд итгэхгүй
Бух зангаар эвийг эвдэгчдэд итгэхгүй
Булай болгоныг өөгшүүлэн дэмжигчдэд итгэхгүй
Бусдын хүчийг сорон мөлжигчдэд итгэхгүй

Худал яригч-жүжиглэгчдэд итгэхгүй би
Хууран мэхлэгч-алиалагчдад итгэхгүй би
Хулгай хийгч-завшигчдад итгэхгүй би
Хоосон амлагч-залилагчдад итгэхгүй би

Хувиа бодон довоо шарлуулагчдад итгэл олдохгүй
Ховхлон устгаж хөрстийг цөлмөгчдөд итгэл олдохгүй
Хов хутган хэл амаа уралцагчдад итгэх хэрэггүй
Хор найруулан төрийн дээр суугчдад итгэх хэрэггүй

Хулгайч-тонуулчин онгод болсон гэхэд итгэхгүй
Хулхидагч-ховсчин их бөө болсон гэхэд итгэхгүй
Хан Тэнгэрийн үйлийг хараалч гүйцүүлдүүлдэг гэдэгт итгэхгүй
Хэн хүнгүй уг барьж хэнгэрэг дэлддэг гэдэгт итгэхгүй

Ярдаг ааштай, ямаан омогтой, ядруу мэдлэгтэнд би итгэхгүй ээ
Янхан үйлтэй, яран сэтгэлтэй, явдал муутанд би итгэхгүй ээ
Муйхар бодолтой, мохоо иртэй, молиго үмхүүлэгчид би итгэхгүй ээ
Мулгуй оюунтай, мухар сүсэгтэй, мунхаг даран гайчид би итгэхгүй ээ

Мөнгө эдэнд шунагч мөлгөр толгойт буханцруудад итгэхгүй
Мөс чанаргүй мөргөл шашинаар хуурагч аалзтануудад итгэхгүй
Инээж байгаад араас чинь хорлогч хар цоохор шар үнэгтнүүдэд итгэхгүй
Ижил рүүгээ тэмүүлэгч, эсрэгтээ гологдсон алиа салбадай сармагчнуудад итгэхгүй ээ

Эрх мэдэлд ухаанаа барьсан, бохир боулиГай хувалзтануудад итгэхгүй
Эмс эрсийн хүрээлэнд эрчим энергээ өтүүлсэн банзал бөөстнүүдэд итгэхгүй
Эрээн хужаагийн шээс баасанд шимэгдэж өмхийрсөн  шалзтануудад итгэхгүй
Элээ хэрээний хэрүүлт, эмх цэгцгүй хэлт, эх баригч-хувалзтануудад итгэхгүй

Улс, газар шороогоо дээрэмдэгч байж ухаантан-баянтанд тооцогчдод итгэмгүй  
Уншаад ойлгохгүй, учрыг мэдрэхгүй байж өөрийгөө дээдлэн шүтэгчдэд итгэмгүй
Унхиагүй дорой, урвагч хөрвөгч байж удирдагч болохоор зүтгэгчдэд итгэмгүй
Улаан хэрүүлч, ур ир аргүй хартан байж өрөвдөлт нэгэн болж хувирагчдад итгэмгүй

Сэг зэмд идэгдсэн, сэрэхүй нь хаалттай эрд итгэх үү
Согтуурал мансууралд хорлогдсон, тархи нь эвдэрхий эрд итгэх үү
Сохорч цөхөрч доройтсон,  тамир нь барагдсан эрд итгэх үү
Сүйтгэл гэмд өслөгдсөн, ухаан нь хуниатай эрд итгэх үү

Сархад архинд дурласан шуламт төрхтэй эмд итгэлтэй биш
Садар завхайд тодорсон самуун үйлтэй хүүхэнд итгэлтэй биш
Унтаж идэхээс өөрцгүй өмхий залхуу авгайд итгэлтэй биш
Уурлаж хашгичих, уцаарлаж хараахаас өөр үйлгүй урагшгүй эмд итгэлтэй биш

Тамлаж доройтуулж, үхүүлж буй засгийн гишүүдэд итгэж боломгүй
Тарааж бутаргаж, бөлөглөж буй төрийн түшээдэд итгэж боломгүй
Өлсөөж цангааж, турааж буй хөгжлийн удирдагчдад итгэж боломгүй
Өслөж үжрээж, устгаж буй дээдлэн шүтэгч-харийнханд итгэж бүүр боломгүй

Алдаагаа өмөөрөгч арчаагүй нэгэнд би итгэхгүй
Аргат билгийг хоослогч араатан сэрэхүйтэнд би итгэхгүй
Алдарт Алтан судрыг ад үзэгч тэнэгтэнд би итгэхгүй
Алтан Дээд Үнэнг хуурмагаар шүтэгч ааштанд би итгэхгүй


Гэхдээ:
Урам зоригтой, ур дүйтэй, удамшилт зохистой, ухаант эрчүүддээ итгэнэ ээ би
Уяхан сэтгэлтэй, ухамсар өндөр, уламжлалаа тээгч ухаанлаг бүсгүйчүүддээ итгэнэ ээ би
Буган соёлт, бум буман настай өвөг дээдсүүдийнхээ буурал түүхэнд итгэнэ ээ би
БӨӨ ИЭ ЭКЭ-т\богд\ эзэн Чингис Хаанынхаа Алтан Дээд ГЭР ИЭ-нд итгэнэ би


ГийгЭЛ удган                     2013-12-09 20:18:19

СОНИН ХАЙР ДУРЛАЛтай УЧРАВ


СОНИН ХАЙР ДУРЛАЛтай  УЧРАВ

            Өчигдөр орой \08/XII/2013\  Ундрахуйн блог дээрээ бичсэн зүүд-үүдийг уншчихаад унтсан чинь шөнө сонин зүүд зүүдэллээ. Шөнө 4 цагт сэрчихэв, зүүд маш тод байсан учраас сайн тогтоож авсан л даа, хөгширсөн хойноо бас хайр дурлалцдаг юм байна, күээ, яахав дээ, ядаж зүүдэндээ ч гэсэн, хахаха.
            Их сайхан өндөр залуу байна, би өөрөө ч бас гайгүй бие хаатай бололтой, хөтлөлцөөд явж байна аа. Залууг нь бодоод байсан чинь Ташкентэд нэг ангид сурч байсан Ариунболд байх юм. \Их залуудаа өөд болсон л доо, хөөрхий, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажиллаж байгаад л гэнэт Герман гарчихсан, тэнд ажиллаж байсан, нацистуудад алуулчихсан юм. Бараг 1,90 м өндөртэй байсан байх, манай их нэртэй дуучин, балетчин 2-ын хүүхэд л дээ.\  За тэгээд Монголын залуучуудын холбооны байрны ар талаар алхаад нэг хаалгаар орох юм. Нэг өрөө рүү орсон чинь баахан вьетнам оюутнууд сууж байна. Нэг л тийм цэвэрхэн биш, онгирсон тийм өрөө. Миний хайрт залуу маань өрөөний голд байрлах нэг орон дээр очоод суучих юм. Би “чи энд амьдардаг юм уу” гээд асуутал “тийм ээ, манайх нэг өрөө байранд амьдардаг л даа. Тэгээд л би энд байгаа юм” гэв. Удалгүй бид 2 тэндээсээ гараад гудамжаар хөтлөлцөөд явж байна. Нэг мухлаг \түц бололтой\-ны цонхоор хараад залуу маань “ямар чихэр авахын” гээд л би эрхлээд өөрийн дуртай нэг чихэр авахуулаад л их жаргалтай алхалж байна аа. Тэгээд цаашаа явж байгаад л бас нэг байранд орох юм. Тэгсэн тэр өрөөнд бас оюутнууд, манай Ташкентын Полтехникийн дээд сургуульд сурч байсан хүүхдүүд байна. Бид 2 мэндлээд л миний хайрт нэг сандал дээр суучих юм. Намайг дуудсан уу яасан, би очоод л өвөр дээр нь суугаад л их тааламжтай байна аа. Тэгээд л сэрчихсэн. Хэхэхэ. Юу гэсэн тайлалтай юм бол? Та нар юу гэж бодож байна? 

Зүүдийг бичихэд их амархан юм байна ш даа, бэлэн юм болохоор шууд биччихдэг. 

2013/12/04

БУГШМАЛ, дамшиглав

БУГШМАЛ, дамшиглав

            Амар амгалан байцгаана уу? Өргөөнийхөн минь.
            Өнөөдрийн \4/XII\ бөөлөөний үеэр Хатан өжий маань надаар жаал дамшиглав. “Заа, үр минь бугшмалынхаа шалтгааныг бичээд дүүргэчихэв үү? Зүгээр хоосон суугаад байх чинь” гэв. “Өө, их олон юм байна даа, талдаа ч ороогүй байна, хоёр өдөр суулаа” гэтэл, “хм, үр минь дээ ээ,  наад бөндгөрийг чинь шалгасан юм, 550 ширхэг шалтгаан гэхлээр таван зуун тавь байна гээд бодно уу чи?, төөрч мунгинаад, та нарын тархи тасам болсон гэдэг чинь энэ дээ, хахаха, “550” чинь түлхүүр үг, үр минь,.. ядаж гаднаас нь тэмтэрч чадамгүй байна уу? тархиа хөдөлгөхөд яанам ” гэв.  Би ч “таван зуу, тавь”, “таван хэсгээр ангилж, тавин зүйлийг голлож бичих юм болов уу? би ч басхүү зуу гаргачихсан жирийлгэж байгаа” гэж бодлоо,   “тав зуу+х, тавь+х” гэж, “зууж байгаад тавих” гэж бодов, ард нь 0- тэглэх юм байна гэж бодов. Хатан өжий: “дотор нь өнгийгөөд хар, өнгө, үнэр байна уу?” гэв. Дандаа битүүлэг үгсээр ярина шүү гээд бодтол тоншоод авав, ёоё.  Яалтай билээ дээ, толгойд минь олигтой шипи орж ирэхгүй байгаа юм чинь... Ямартай ч “бугшмалтайгаа” холбож  жаал бодов, яршиг зүгээр бичснээ дэлгээд тавьчихъя, дараа нь учир холбогдол нь гарч ирж л таараа гээд бугшмалын шалтгааныг нийтлэхээр боллоо.   
            Хатан өжий минь хамгийн чухал зүйлийн судаснаас нь атгуулсанд талархаад, бахархаад сууж байна даа би, Өндөр Дээд Өжий Тандаа дахин дахин гялайлаа.
            Өргөөний Та нар минь тогтож уншаарай, давхардсан зүйлийг дугаараар нь бичээд ижил байна гэж, эсвэл ингэж гоё засаж бичье гэх зэргээр сайхан шүүгээд, нэмэхийг нь нэмээд сэтгэгдлээ бичээрэй. Энэ бол цөвүүн цагийг гэтлэн давахын өмнөх бид бүгдийн мэдвэл зохих, түгээж сэхээрүүлэх, арилгаж засах,  энэ нийГэмд тогтсон ГЭМТ зуршил, ГЭМТ дэг горим гэж ойлгогдож байгаа.   Идэвхтэй оролцохыг хүсч уриалж байна. Андуудын хүч-ухаан бол аугаа том ДЭМ.