Хэдийгээр хүн бүр өөр, айл бүрийн амьдрал өөр боловч монгол хүн, хөх
толботынхны зан заншилын тодорхой үйлүүд үндэс, суурь, зарчим нь нэг
эхтэй, нэг л гаралтай ажээ.
Байгаль дэлхий болон хүн өөрөө
УС, ГАЛ, МОД, ТӨМӨР, ШОРОО гэсэн таван мах бодиос үүсэлтэй, тэдгээрээр
тэтгэгдэж, тэдэнтэй харилцан шүтэлцээтэй оршин тогтдогийг дэлхийн олон
эрдэмтэд, гүн ухаантнууд, мэргэдүүд, гэгээнтнүүд олон мянган жилийн турш
судалж, тандан туршиж, батлан нотолсон юм байна.
Гэтэл
олон зуун мянган жил ГАЛаа дээдлэн шүтэж, галынхаа эрчмээрээ байнга
тэтгэгдэн амьдарч байсан МОНГОЛ хөх нуруутнууд хөх нь толбо болтлоо
жижигрэн арилж, галаасаа дөлсөөр холдон холдож, гал гэгч юу болохыг
мэдэхгүй болж мунхран бас л нэгэн зууныг ардаа орхисон бололтой.
Сэржээ, Хөх Толботууд. Удам угсааны Буурал Дээдсүүд нь Дээд Орноосоо
залран өчүүхэн тураалын тархитай үрсээ сэрээх гэж олон янзаар өдөж,
сөдөж, өрөвдөн хайрлаж, хайлан уйлж, харамсан гомдож, элдвийг
үзүүлсээр,.. Үрс бид нь ойлгон ядан, итгэн ядан цагийг дэмий хоосон
өнгөрүүлсээр,..
2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө нар мандахын өмнө 5.30 цаг гэхэд галын тахилга хийх айлдаа очсон байлаа.
Нийслэлийн
нэр хүндтэй нэгэн айл Гал голомтондоо Галын тахилга хийж өгөхийг
хүссэний дагуу өчүүхэн улаач би хэдэн өдөр бодсны эцэст, буурал
Дээдсээсээ асууж лавласны эцэст энэ том үйлд мордож байгаа нь энэ дээ.
"Үр минь улаач болж биднийг энэ алгахан биендээ залснаас хойш жилийг
бараагүй ч миний үрд итгэн найдаж өөрийн гал голомтоо сэргээн бадруулах
томоохон үйлийг захижээ. Үйлийг гүйцээж давах нь миний үрийн чин хүсэл
нь тэмүүлэл, зоригтой нь нэгдсэн тэр л цагт нь зөвширдэг учиртай" гэж
миний толгой онго болох Кау Ир Кү ЭЛ ЭИ жанжин аав минь хэллээ.
Ингээд хэдийгээр эмээж айж байсан боловч буурал Дээдсүүдээсээ асууж
лавлаж юу бэлтгэх, яаж хийх, ямар ёсыг баримтлах, ямар өдөр хийх зэргийг
мэдэж аваад нөгөө айлынхантай хөөрөлдөж хугацаагаа тохирч, Галын
тахилгын бүхий л зүйлийг бэлтгүүлж базаасан юм аа. Мөн ном болон
интернетээс Галын тахилгын тухай ядмаг мэдлэгээ дээшлүүлж амжлаа.
Галын тахилгын өмнө Нарны бөөлөө хийх ёстой гэсэн учраас Тэнгэр
Удганыхаа хийлгэдэг Нарны бөөлөөний журам дэгийг дахин дахин саналаа,
ганцхан Наран Эжий маань намайг хуурдахад сонсох болов уу гэж бас эмээж
байсан юм. хэхэхэ
Галын тахилга хийхээс өмнө тэр айл гэр
орноо сайтар цэвэрлэж бага боловч хир буртгаас салах ёстой байв. Айл ч
бүтэн өдөр шөнөжингөө л цэвэрлэгээ хийсэн байв. 3 давхар, подвалтай
байшинг цэвэрлэх гэж лав л 2 хүүхэд нь үгээ хэлсэн гэв.
Гэрийн эзэн ерөөлч, магтаалч хүн тул Галын ерөөл, магтаал эрхбиш байгаа
байлгүй гээд тахилгын үеэр галын ерөөл тавих ёстойг бас урьдчилан хэлсэн
байсан юм. Гэтэл тийм ерөөл байсангүй, харин ч сайхан юм болж гэрийн
эзэн Галын ерөөлийг өөрөө зохиосон байлаа. \Удахгүй уг ерөөлийг авч
эндээ нийтлэнэ ээ\
Түүдгэнд мод аргал, өргөлд ганга арц,
хонины өвчүү, цэвэр шар тос, тахилгад тавгийн идээ, таван тансаг,
үйлийн өмнө өргөлд сүү, талх боорцог зэргийг бэлтгүүлсэн байв. Бас суух
сандал, мөргөх олбог, дэвсгэр гм.
Ийнхүү Гал голомтын Галын
тахилгын үйлийг эхлүүлсэн дээ. Шөнө сэтгэл хөдлөөд бараг унтсангүй,
ёстой нэг ядруу амьтан байгаа биз, хэхэхэ. Хэдэн мөрт нетээс олж цээжлэх
гэж оролдсон боловч "...ас ас ас, ...хөгж хөгж хөгж,... улалз улалз
улалз, ...бадар бадар бадар" гэсэн хэдэн үгнээс бусад нь ой ухаанд
тогтсонгүй ээ.
Өглөө очиход айлын 4 хүн бас л бага унтсан
гэнэ, бодвол цэвэрлэгээ хийсэн бололтой. Охин нь хүүхэдтэйгээ унтаж
байлаа. 4-үүлэнг нь дуудаж Галын Тахилга гэж юу вэ, яагаад хийдэг вэ,
юуг цээрлэх ёстой вэ зэргийг тайлбарлан хэлэв. 2 хүүхдийг нь харахад
нэг тийм дуртай биш, төвөг учруулж буй мэт сэтгэгдэл төрөв, ялангуяа
охин нь, уг нь боловсрол өндөртэй, японд сургууль төгссөн нэгэн. Тэгээд
тоосон ч үгүй үйлээ эхлүүллээ. Тэдний бүх өрөөг амилуулсан гангатай,
галаар ариулав. Гэрийн 4 хүн ч хамтдаа ариулсан юм. Тэгээд гадаа гарлаа.
Бүх үйлдлийг улаач бид удирдах ёстой юм байна. Яг л
цэцэрлэгийн хүүхдүүдийг чиглүүлдэг аятай үйл болж байлаа. Монгол хүн
гэдэг чинь бас тэгж дураараа аашлаад байдаггүй юм байна. Би ч
улаачийнхаа бүхий л хуяг, эдлэлийг өмсөж, зүүсэн болохоор тэд бас
сүрддэг бололтой, хэхэхэ.
Эхлээд өргөлийг нь өргүүлээд,
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагыг 9 удаа өөрөө дуудан тэднээр хэлүүлэв,
гараа дээш харуулж өргөсөн байх ёстой биз дээ. Тэнгэрт нимгэн үүлтэй
байсан боловч нар үүлний сиймхийгээр байн байн харагдаж байлаа. Тэднийг
нар руу харуулж суулгаад би зогсоогоороо хуурдаж эхэлсэн дээ. \Гэрийн
эзэн басхүү настай, шарын шашинтан учраас би өөр өөрийнхөөрөө сүсэглэж
болохыг урьдчилан хэлсэн байсан юм, тэрээр умаах, умаах умаах гээд л
байсан даа, хэхэхэ\
Наран ээжий маань хуурдахыг минь,
сэтгэлийг минь, хайрыг минь, хүслийг минь хүлээн авч, өнгө өнгөөр
хувирч, янз янзаар хэлбэрээ өөрчилж, сүүлдээ бөмбөлөгт пуужинг тэдний
байшин руу илгээсэн дээ. Гэрийн хүмүүс ч олж харж чадаж байсан. Ингээд л
би улам зоригтой болж Галын бөөлөөгөө эхлүүлж тэр айлын галыг тахисан
юм.
Галыг би асааж эхлүүлсэн, яагаад гэвэл галаа таслаад
маш олон жил болсон айл, өөрөөр хэлбэл шавар дагзанд амьдраад. Дараа нь
гэрийн эзэн, эзэгтэй галаа асаасан. Гал маш сайхан дүрэлзэн ассан даа.
Ингээд
би бөөлж Гал улаан ТНГР-т мэдүүлж, хэний гал голомтонд ямар тахилга
хийх гэж буйгээ хэлж, улмаар Гал Голомтыг нь ивээн тэтгэгч Галын эзэн
буюу Галын хатан, Галын охин тэнгэр ч гэж нэрлэдэг, Галын бурхан эсвэл
Эх галан гэж ч нэрлэдэг, нутаг нутагт, үе үедээ янз бүрээр нэрлэн шүтэж
байсан юм билээ, тэр эрхэм эзнийг дуудаж гал дээр нь буулгасан юм.
Дараа нь Галдаа ганга арцаа өргөсөн, дараа нь өвчүүгээ зөв харуулж
өргөх учиртай, өвчүү хормойтой байхыг зэрэгцээ чанахдаа дөнгөж улаан
шүүсгүй байхаар, улаан даавуу\цэвэр даавуун утсан, нейлонгүй байх\гаар
ороож өргөдөг гэдгийг манай өргөөний том зайрангууд зөвлөсний дагуу
өргөв, дараа нь цэвэр шар тосоо өргөлөө.
Галын эзнийг 3
настай хүүхэд шиг тийм ариун тагшин гэж үздэг тул өргөлийг шидэж
өргөдөггүй, ер нь галд элдэв хог, хиртэй буртагтай зүйлийг хийдэггүй,
гал руугаа хөлөө харуулж суудаггүй, галд хөлөө ээдэггүй, галд ус
хийдэггүй, галыг үзүүртэй зүйлээр хөнддөггүй, галыг хөлөөрөө
унтраадаггүй гэх мэтийн маш олон цээр, ёс байдаг байна.
Өргөлийн явцад чиглэлээ өгөхийн зэрэгцээ бөөлөөгөө хийж байлаа. Өргөл
дууссаны дараа ерөөл магтаал, дуу хуураар галаа баясган хөгжөөсөн юм.
Эхлээд Галын ерөөл өргөв. Дараа нь аав, эжий, эх орныхоо дууг дуулав.
Дараа нь гэрийн эзэн, хүүтэйгээ Морин хуураар тус тусдаа уртын дуу,
морины тухай дуугаар ая өргөв. БҮҮВЭЙН дуугаар Галын тахилгыг өндөрлөсөн
юм. Үйлдэл бүрийн адагт тэд хурайлан дэмнэж, галдаа сөгдөн мөргөж
байсан юм.
Улаачийн хувьд бөөлөөгөө хийж энэ үйлийг
дүүргэсэн бөгөөд эхнээсээ л гэрийн хүмүүсийн овог нэрийг, жилтэй нь
дурдаж, айл гэрийнх нь хийморь сүлд, бие бүрийнх нь амар мэнд, үр
хойчийнх нь энх мэнд, ажил үйлийнх нь ашдын сайхныг Галынх нь эзэнд
даатгаж байлаа. Мэдрэхэд, миний сайхан буурал Дээдсүүд энэ үйлийг дэмнэн
түшиж, үгийн сайхныг мөрлөн дуудаж, сэтгэлийн дээдийг ерөөж байлаа.
Хамгийн сүүлд тахилгад оролцсон бүх хүмүүс Алтан Наран эжийдээ, Мөнх
Хөх Тэнгэр эцэгтээ, Тэнгэр эжийдээ, 99 тэнгэртээ, өөр өөрсдийн Өвөг
Дээдэстээ талархлаа илэрхийлж ёсолсон юм. Тэд ч миний Дээдсүүдэд мэхийн
ёслов.
Намайг гэртээ урьж оруулан цайллаа. Нөгөө царай нь
баргар байсан хүүхдүүд нь инээж хөөрч, яриа өдөж элдвийг асууж байлаа.
Гэрийн эзэн алга л байв. Хайчсаныг асуухад гадаа Галын түүдгийнхээ
дэргэд бясалган сууж байсан гэнэ. Ер нь галын цогийг бөхтөл дэргэд нь
манах учиртайг би тайлбарласан билээ.
Тэнгэр цэлмэсэн байхыг хараад бултаараа маш өндөр сэтгэгдэлтэй байсан даа.
Галын тахилга нь айл гэрийн том домын засал болдгийн зэрэгцээ
ариусгалын том тахилга болдог ажээ. Гай барцад, хэл ам, хараал, атаа
жөтөө, алив муу бүхнээс хамгаалж, саад тотгорыг арилгаж, тэр бүү хэл
гарзын үүдийг хааж, олзын үүдийг нээдэг гэж үздэг байна. Аягын чинээ
дамар дэлдээд дийлдэшгүй гай барцадыг аянгын дуут ХЭНГЭРЭГ дэлдээд дор
нь арилгадаг гэдэг учир Галын тахилга нь БӨӨ хүний чадал, чанарыг
шалгасан том зан үйл гэж үздэг гэнэ ээ.
Иймд бид ойр
дотныхныхоо Гал голомтын Галын тахилгыг хийж эхлэх хэрэгтэй бөгөөд маш
сайн бэлтгэлээ хангаж өөрийгөө дээд зэргээр дайчлан үйлээ хийх нь нэг
айлыг төвшин сайхан болгох сэтгэлээр Монгол Улсынхаа төлөө хийж буй бас
нэгэн бага ч гэсэн дэм тус байх бөлгөө.
Хүн бүр өөр өөрийн
хувь тавилан, хувь заяатай, айл бүр өөр өөрийн хувь зохиолтой учир Галын
тахилга нь ч өөр өөр байх нь зүй. Тиймээс Буурал Дээдсүүдээсээ сайн
асууж, лавлаж, тандаж байж, бүрэн бэлтгэлтэй үйлээ хийгээрэй. Бүгдэд нь
Дээдийн Дээдийг ерөөе.